Турк хязгаарлалтаа сулруулж, Филиппиний Ерөнхийлөгч иргэдээ сүрдүүлэв
2021-06-22

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 22-ны байдлаар дэлхий даяар 179 сая гаруй хүн халдвар авсанаас 3.9 сая  хүн нас барж, 164 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Филиппиний Ерөнхийлөгч ард түмнээ "сүрдүүлэв"

Хатуу, чанга мэдэгдэл, эрс шийдэмгий үйлдлээрээ алдартай Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ард түмнээ сүрдүүлжээ. DW агентлагийн мэдээлснээр, Филиппиний Ерөнхийлөгч телевизээр хийсэн мэдэгдэлдээ коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин тариулахаас татгалзсан иргэдийн эрх чөлөөг хасна хэмээн сүрдүүлсэн байна. 

 

"Тариулмааргүй байна уу? Та нарыг шоронд суулгачхаж чадна шүү! Намайг зөвөөр ойлгоорой, манайд хямрал ноцтой байгаа. Тиймээс би вакцин тариулахаас татгалзаж байгаа иргэддээ уур хүрч байна" хэмээн  Родриго Дутерте мэдэгджээ. 

 

Филиппин дэх халдварын тохиолдлын тоо Азийн орнууд дундаа хамгийн өндөр үзүүлэлтүүдэд тооцогдож байгаа бөгөөд 108 сая хүн амтай энэ улсад 1,3 сая гаруй хүн халдвар авч, 23000 гаруй хүн нас барсан байна. Энэ улсад дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа ч вакцин тариулах нь нэн шаардлагатай арга хэмжээ гэж эмч нар онцолж байгаа юм. Филиппинд одоогийн байдлаар ердөө 2,1 сая хүн вакцины бүрэн тунд хамрагджээ. 

 

Эстони вакцин тариулсан жуулчдад хаалгаа нээв 

 

Эстонийн Засгийн газар Европын холбоонд багтдаггүй улс орнуудын иргэдэд Эстони руу нэвтрэх боломжийг нэмэгдүүлжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, вакцин тариулснаас хойш дархлаа үүсэхүйц хангалттай хугацаа өнгөрсөн, коронавирусийн халдварын шинж тэмдэггүй, дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс аливаа зорилгоор Эстони руу нэвтэрч болох гэнэ. 

 

Турк улсад хөл хорих цагийг цуцаллаа

 

Туркийн эрх баригчид хөл хорих цагийг цуцлах шийдвэр гаргасан талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

 

"Долдугаар сарын нэгний өдрөөс эхлэн хөл хорих цагийг бүхэлд нь цуцална" хэмээн Эрдоган мэдэгдсэн байна. Түүнчлэн нийтийн тээвэр, хот хоорондын галт тэргээр зорчих хязгаарлалтууд ч цуцлагдаж, төрийн байгууллагууд ажлын хэвийн горимд шилжихээр болжээ.

 

Мөн аялал жуулчлалын салбарыг дэмжих арга хэмжээг дахин сараар сунгаж, Анкара хотод ирэх жуулчдын тоог 2019 онд бүртгэгдсэн байсан 52 сая жуулчин гэсэн үзүүлэлтэд ойртуулахаар болсон байна. Үүнтэй холбоотойгоор ихэвчлэн 10 дугаар сард дуусдаг аялал жуулчлалын улирлыг оны эцэс хүртэл сунггажээ.

 

Хөлбөмбөгчид халдвар авчээ 

Хөлбөмбөгийн Америкийн цомын тэмцээн дэлхийд халдварын тоогоор эхний гуравт багтаж байгаа Бразилд болж байна. Тэмцээний үеэр халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээ авна гэж мэдэгдэж байсан ч үр дүн тун бага хэмээн Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо мэдэгджээ. Энэ тэмцээний үеэр оролцогчдын дунд 140 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин