COVID-19 халдварын тархалтыг хумисан гэж мэдээлж байсан Австралийн Күинслэнд мужид дотоодод дамжсан халдварын нэг тохиолдол илэрч, улмаар холбогдох албаныхан халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Энэ талаар ABC News суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Португаль улсад аялаад ирсэн нэгэн эмэгтэйгээс коронавирусийн халдвар анх илэрсэн аж. Эмэгтэйг тусгаарлах байрнаас гарсных нь дараа Брисбэн хотын ойролцоох Эллен Гроув хотод түүнтэй уулзсан 60 гаруй насны эрэгтэй ойрын хавьтал болж, тусгаарлагджээ. Тэдэнтэй хамт нэг ресторанд хооллож байсан 36 хүнийг гэр гэрт нь тусгаарласан тухай Күинслэнд мужийн эрх баригчид мэдээлсэн байна. Шалгалтын явцад дээрх эмэгтэй нь тусгаарлах байранд байхдаа халдвар авсан болох нь тогтоогдсон байна.
Мужийн Ерөнхий сайдын мэдээлснээр, Монгол Улсаас ирсэн халдвартай эрэгтэйг тусгаарлах байрнаас эмнэлэгт хүргэсэн ажилтан дээрх эмэгтэйд халдвар дамжуулсан байх магадлал өндөр байгаа гэнэ.
"Монголоос ирсэн халдвартай эрэгтэйг өрөөнөөс нь түргэн тусламжийн машинд хүргэсэн ажилтан дараа нь Португалиас ирсэн эмэгтэйгээс сорьц авсан нь тогтоогдсон. Португалиас ирсэн эмэгтэй Монголоос ирсэн эрэгтэйгээс илэрсэн вирустэй ижил вирусээр халдварласан байна" хэмээн Күинслендийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлгийн ажилтан болон Монголоос ирсэн эрэгтэй хоёр хоёулаа вакцины бүрэн тунд хамрагдсан байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |