ДЭМБ: Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол буурч байна
2021-06-23

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавирусийн халдвар болон үүнээс үүдэлтэй нас баралтын тохиолдол буурсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. 

 

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын тохиолдол 2,5 сая гаруй, нас баралт 64 мянга гаруй бүртгэгдсэн байна. Энэ үзүүлэлтийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад өвчлөл зургаан хувь, нас баралт 12 хувиар тус тус буурсан бөгөөд халдвар болон үүнээс үүдэлтэй нас баралт үргэлжлэн буурч байгаа гэнэ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, Зүүн Өмнөд Азид өвчлөл 21 хувь, Европт зургаан хувиар  буурсан бол Африкт  шинэ тохиолдлын тоо 39 хувиар, Газрын Дундад тэнгист хоёр хувиар өсчээ. Харин нас баралт Африкт 38 хувиар нэмэгдсэн байна.

 

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн онцолсноор 2020 оны есдүгээр сард Их Британид илэрсэн "Альфа" хувилбар одоогоор 170 оронд тархсан бол Бразилд анх илэрсэн "Гамма" хувилбар 71 оронд, харин Энэтхэгийн "Дельта" хувилбар долоо хоногийн дотор дахин таван оронд тархсанаар нийт 85 оронд нэвтэрчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин