Амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалжээ
2021-06-24

Грект зургадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гадаа амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалж байгаа талаар Регнум агентлаг мэдээллээ. Тус улсад халдварын нөхцөл байдал сайжирсан, түүнчлэн 40 хэмийн халуун өдрүүд тохиож байгаа тул ийм шийдвэр гаргажээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амны хаалтыг байнга зүүх журам өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан бөгөөд амны хаалтгүй явбал торгууль ноогдуулж байсан аж. Харин сүүлийн өдрүүдэд цагдаагийнхан амны хаалтгүйн төлөө торгохоо больсон ч ихэнх хүмүүс бүгчим халуунд ч амны хаалттай явж байгаа гэнэ.

 

Грекийн халдвар судлаачдын үзэж байгаагаар "сүүлийн өдрүүдэд хэт бүгчим халуун байгаа нь амны хаалт зүүж явахад хүндрэл учруулж байгаа" аж. Гэхдээ амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцлахаас өмнө тархалтын нөхцөл, хүн амын дархлаажуулалтын нөхцөл байдал түүнчлэн вирусийн мутацилагдсан штаммуудын тархалтыг судалжээ.

 

"Бид амны хаалтнаас нэг мөр салж байгаа гэсэн ойлголтыг хүмүүст өгмөөргүй байна. Амны хаалт түрийвч, түлхүүр, гар утас шиг л бидэнтэй байнга хамт байх ёстой" хэмээн Грекийн халдвар судлаачдын комиссын гишүүн Вана Папаевангелу мэдэгджээ.

 

Бүгчим халууны улмаас гадаа амны хаалт зүүх журмыг цуцалсан ч байшин барилга дотор, нийтийн тээвэрт, гатлага онгоц, нисэх онгоц болон ажлын байран дээр амны хаалт зайлшгүй зүүх ёстой хэвээр байгаа юм. Харин гадаа хүн сийрэг бол амны хаалтгүй явж болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин