Израиль амны хаалт зайлшгүй зүүх журмыг дахин сэргээв
2021-06-25

Өнгөрсөн хавар цар тахлыг ялснаа зарлаж, ердөө хэдхэн хоногийн өмнө иргэдээ амны хаалтгүй явж болохыг зөвшөөрч байсан Израиль улс амны хаалт зайлшгүй зүүх журмыг сэргээжээ. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Энэтхэгт анх илэрсэн коронавирусийн "дельта" хувилбарын халдвар тус улсад дэгдэх болсон тул зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журам хэрэгжиж эхлэх гэнэ. Түүнчлэн, коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хилийн чанад руу явахаас зайлсхийхийг зөвлөжээ. 

 

Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын хоногт илрэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн хоногт Израильд 168 шинэ тохиолдол бүртгэгджээ. 

 

Энд дуулгахад, зургадугаар сарын 15-наас эхлэн дотор орчинд амны хаалт зайлшгүй зүүх журмыг Израилийн Эрүүл мэндийн яам цуцалж байлаа. Халдварын тархалтын нөхцөл байдал тогтворжсон, хүн амаа амжилттай дархлаажуулсан тул ийм шийдвэр гаргаж байв. Гэсэн ч дельта хувилбар тархаж эхэлсэн тул хамгаалалтын арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай гэж Израилийн эрх баригчид үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин