Сиднейд хатуу хөл хорио тогтоов
2021-06-25

Австралийн Сидней хотод халдварын дэгдэлтийн нөхцөл байдал хүндэрсэн тул хотын төвийн дөрвөн дүүрэгт хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Энэ талаар Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Ерөнхий сайд Глэдис Бережиклян мэдэгдсэн байна.

 

Түүний мэдэгдсэнээр, Сидней хотод "хоногт 22 тохиолдол бүртгэгдсэн" тул дөрвөн дүүрэгт хөл хорио тогтоосон байна. Ингэснээр Сидней хотын Вуллара, Уэверли, Рэндвик болон ажил хэргийн төв хорооллын оршин суугчид гагцхүү нэн шаардлагатай нөхцөлд гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. Мөн сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд эдгээр дүүрэгт байсан хүмүүсийг коронавирусийн шинжилгээ өгч, 14-өөс багагүй хоног гэртээ тусгаарлагдах ёстой гэж Ерөнхий сайд мэдэгджээ.

 

Хатуу хөл хорио тавьснаар, зургадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх дүүргүүдийн оршин суугчид хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмчид үзүүлэх, дасгал хөдөлгөөн хийх болон гэрээсээ ажиллах боломжгүй бол ажилдаа эсвэл сургуульдаа явах зорилгоор гэрээс гарч болох гэнэ. Гэрээсээ гарсан нөхцөлд 12 хүртэлх насны хүүхдүүдээс бусад бүх хүн амны хаалт зайлшгүй зүүх журам гаргажээ. 

 

Хатуу хөл хорио тавьснаар эдгээр дүүргүүд дэх банк, эмийн сан, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх газраас бусад бүхий л байгууллага, үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоох юм байна. Харин хүргэлтээр үйлчилдэг хоолны газрууд хэвийн журмаар ажиллах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин