ДЭМБ: Дельта хувилбар өмнөх вирусээс хоёр дахин илүү халдварлах чадвартай
2021-06-25

Энэтхэгт анхлан илэрч, одоо олон оронд тархсан коронавирусийн дельта хувилбар илүү халдварлах чадвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 

 

Тодруулбал, дельта хувилбар нь коронавирусийн халдварын анхдагч хувилбараас хоёр дахин илүү халдварлах чадвартай тул тун удалгүй дэлхий даяар энэ мутаци зонхилж мэднэ гэж ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ерөнхий ажилтан Сумия Сваминатан мэдэгдсэн байна. 

 

Мөн Энэтхэгт анх илэрсэн дельта хувилбар өдгөө 85 гаруй оронд тархсаныг ДЭМБ-ын эрдэм шинжилгээний ажилтан онцолжээ. 

 

"Энэ штаммын гол онцлог нь анхдагч вирусээс хоёр дахин халдвартай. Сайн мэдээ нь гэвэл, дэлхий дээр байгаа вакцинуудын ихэнх нь үр дүнтэй, наад зах нь гэхэд л өвчин хүндрэхээс хамгаална" хэмээн Сумия Сваминатан мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид "дельта плюс" штаммын халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарсан талаар мэдээлжээ. Өвчтөн тавдугаар сарын 23-ны өдөр нас барсан бөгөөд олон шинжилгээ хийсний эцэст нас баралтын шалтгааныг тодруулсан байна. Нас барсан хүн коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаагүй байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин