ШУУД: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ
2021-06-28

16:00 цаг: 

УИХ-ын чуулганаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг 27 жилийн хугацаанд зохицуулж байгаа бөгөөд уг хуульд нэг удаа өөрчлөлт оруулжээ.

Монгол Улсын нийслэлийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа онцлог нэгж болох Улаанбаатар хотод үйлчлэх нийт 150 гаруй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэл хотын онцлог, цаашдын хөгжпийн загвар, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, төрийн бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлаар бусад орны жишгийг судалж, нэвтрүүлэх талаар олон судалгаа, зөвлөмж гаргасан байна.

 

Иймд Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”, 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

 

 

Хуулийн төслийн зорилт нь нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэж байгаа аж. Нийслэл Улаанбаатар хотыг нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүрөг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгож хөгжүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгоход уг хуулийн төслийн үзэл баримтлал чиглэсэн байна.

 

Хуулийн төсөл нь нийт 7 бүлэг, 51 зүйлтэй. Төсөлд нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх бөгөөд бүсчлэл, дүрмийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлах, нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд заасан чиг үүргээс гадна нийслэл хотын хувьд хэрэгжүүлэх тусгай болон хотын аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх бусад чиг үүргийг төсөлд тодорхойлсон байна.

 

Мөн нийслэл хот өөрийн дүрэмтэй байх бөгөөд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, автозогсоол, автозамын арчлалт хамгаалалт, шашин, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлын үйл ажилагааны бүртгэл, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтны зохицуулалт, такси, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроны ашиглалт зэргийг тусгасан уг дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлахаар зохицуулжээ.

 

 

Нийслэл хот нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”-ын хувьд тусгай болон хотын аж ахуйн асуудлаарх бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит боломжийг бүрдүүлэх зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Мөн нийслэлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс нийслэл дэх хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгсөн байна.

 

Харин нийслэл нь хот болохын хувьд нийслэлийн Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субьект болох юм. Иймд тусгай чиг үүрэгтэй холбоотой асуудлаар хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдахаар зохицуулсан байна.

 

Төсөлд тусгаснаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежерийг томилох бөгөөд Ерөнхий менежер нь ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцах юм байна. Ийнхүү шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй аж.

 

Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зэрэг нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг бий болгохоор тусгажээ. Нийслэл хот албан татвартай байх, хотын албан татварыг хуулиар тогтоох бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Улсын Их Хурлаас баталсан татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоохоор зохицуулсан байна.

 

 

Мөн нийслэл хотын дагуул хот болон эдийн засгийн тусгай бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгажээ. Нийслэл хотын дагуул хот нь эдэлбэр газартай байж, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар байхаар тодорхойлсны зэрэгцээ дагуул хотыг байгуулах, түүний чиг үүрэг,  удирдлага, зохион байгуулалтын талаар нарийвчлан тусгажээ. Дагуул хотыг засаг захиргааны бусад нэгжийн нутаг дэвсгэрт дамнан байгуулж болох бөгөөд дагуул хотыг Улсын Их Хурлаас байгуулна. Олон улсын нийтлэг жишгээр дагуул хотод эдийн засгийн тусгай бүсийг мэдээлэл технологи, инновацийн, аялал жуулчлал, соёл амралтын, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн завсар үйлчилгээ, угсралтын, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнан, эсхүл  хослуулан байгуулж болохоор тусгажээ. 

 

Түүнчлэн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах болон тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр тусгажээ. Нийслэл нь таваас илүүгүй тусгай бүстэй байхаар, тусгай бүсэд согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэлээс бусад хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг бүрдүүлэхээр заасан байна.

 

Хуулийн төслийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд 15 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд төсөлд иргэн, хуулийн этгээдийн саналыг авахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтээр хэлэлцүүлж, холбогдох саналыг тусгасныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 16 хууль, Улсын Их Хурлын 1 тогтоолд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

 

Цар тахлын эсрэг хуулийн хугацааг сунгах төслийг хэлэлцэхийг дэмжив

15:30 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд УИХ дахь АН-ы бүлэг завсарлага аваад байсан юм.

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын дүгнэлтийг танилцуулж байна. Тэрбээр: 

 

-Цар тахлын үеийн хуулийн хэрэгжилтийн тайланг тавих шаардлагатай. Төрийн албанд мерит зарчмыг алдагдуулж байгааг зогсоох, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг тусгайлсан хуулиар зохицуулалт хийх, хилийн боомтын хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж байна. Цар тахалтай тэмцэх хүрээнд УИХ дахь түр хороог байнгын хороо болгон ажиллуулах хэрэгтэй гэлээ. 

 

Дараагаар нь Цар тахлын эсрэг хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс уг төслийг анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин