ТОКИО-2020: Олимпын хотхон дахь анхны халдвар, үзэгчгүй нээлт
2021-07-05 08:30

Коронавирусийн цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон Токио-2020 олимпын наадам нээгдэхэд хэдхэн хоног үлдлээ. Халдварын дэгдэлтийн улмаас дахин хойшлогдох, цуцлагдах дээрээ тулж байсан Олимпын наадмыг аюулгүй явуулахын тулд зохион байгуулагчид нь хатуу дүрэм журам гаргаж, тамирчид, оролцогчдын зорчих хөдөлгөөн, үйлдлийг хязгаарлаж байгаа ч олимпын хотхонд халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. 

 

Коидо агентлагийн мэдээлснээр, Сербийн сэлүүрт завины шигшээ багийн тамирчин Милош Васич Олимпын наадамд оролцохоор Токио хотод ирснийхээ дараа шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, долдугаар сарын гуравны үдэш Сербийн шигшээ баг Токиод газардсаны дараа журмын дагуу бүх гишүүд албан журмаар шинжилгээ өгчээ. Ингээд шинжилгээний хариу гарахад Васичийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд түүнийг зочид буудалд долоо хоног тусгаарлахаар болсон байна. Сербийн тамирчинд ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь сайн байгаа гэнэ.

 

Тамирчин ойрын үед дахин хоёр шинжилгээ өгч, хариу нь дараалан сөрөг гарвал багийн бүрэлдэхүүндээ эргэн орж, Олимпын бэлтгэлээ үргэлжлүүлж болох аж. Сербийн Олимпын хорооны мэдээлснээр, Токио руу нисэхэс 72 цагийн өмнө шигшээ багийн бүх гишүүд коронавирусийн шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарч байсан гэнэ. 

 

Ийнхүү Олимпод оролцох тамирчдаас коронавирус илэрсэн анхны тохиолдол гарсан бол Японд халдварын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байна.  Тиймээс Японы эрх баригчид Токиогийн Олимпын объектуудад үзэгчдийн тоог дахин хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Тодруулбал, цэнгэлдэх хүрээлэн, спортын ордон зэрэг объектууд дахь үзэгчдийн дээд хязгаарыг 10 мянга байснаас 5000 болгон бууруулах төлөвлөгөөтэй байгаа талаар Коидо агентлаг мэдээлэлд ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. Энэ төлөвлөгөө хэрэгжихээр болвол Олимпын нийт арга хэмжээнүүдийн 40 орчим хувь нь үзэгчгүй явагдах аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэдийнэ 5000 гаруй тасалбар нь борлуулагдсан болон 21.00 цагаас хойш явагдах бүхий л арга хэмжээнүүд хаалттай болох гэнэ. Энэ төрөлд нээлт , хаалтын ёслол, бейсбол, хөлбөмбөг, хөнгөн атлетик зэрэг үзэгчдийн ихээр сонирхдог арга хэмжээнүүд багтжээ.

 

Одоогоор, олимпын тэмцээнүүдийн үзэгчдийг нэг объектод 10 мянган үзэгч гэж хязгаарлаж байгаа ч коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул энэ шийдвэрийг хэвээр үлдээхэд хэцүү гэж Японы Засгийн газар болон Зохион байгуулах хороо үзэж байгаа талаар Коидо агентлаг мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин