Коронавирус статистик болов
2021-07-23

Коронавирус бидэнтэй аль хэдийнэ ижил дасал болжээ. Өдөрт хэд илэрч, хичнээн хүн нас барж байгаа нь зөвхөн статистик болов. Төр засаг болоод иргэд ч энэ тоонд ач холбогдол өгөхөө больж. Эрүүл мэндийн яам ч нөхцөл байдлын мэдээллийг графикаар харуулж, энэ бол зөвхөн статистик гэдгийг илэрхийлэх болов. Товчхондоо бид коронавирусийн халдвартай зэрэгцэн, дасан зохицож амьдарч эхлэв.

 

Эхэндээ ямар байсныг эргэн дурсахад таатай бас таагүй. Айдас хүйдсээр дүүрэн нийгэм байлаа. Коронавирусийн халдвар авсан л бол үхэх хэмжээний аюултай гэсэн мессежийг нийгэм даяар тарааж, гэрээсээ хамраа цухуйлгахгүй байхыг анхааруулж байв. Халдвар авсан хүмүүс төрийн бүрэн хяналтад орж, эмчилгээ үйлчилгээнд бөмбөрүүлж байсан. Халдвар авсан хүнийг эмнэлгийнхэн ирж аваад зогсохгүй, тэжээвэр амьтныг нь мал эмнэлэгт тусгаарлаж байлаа.

 

Харин одоо бол нөхцөл байдал эсрэгээрээ болсон. Эрүүл мэндийн салбар ч тоохоо больж. Халдвар авчихаад гэртээ хэвтэж байхдаа цаг сайхан байхад өвдсөн хүмүүс азтай юм аа гэж бодож байв шүү дээ.

 

-Ойрын хавьтагч болчихлоо

-Зургаан хоног хүлээ.

-Шинжилгээний хариу эерэг гарчихлаа

-Гэртээ өөрийгөө эмчил

 

Одоо халдвар авсан хүмүүс эрүүл мэндийн ийм л үйлчилгээтэй нүүр тулж байгаа. Шинжилгээний хариу эерэг гарсан эхний өдөр холбогдсон өрхий эмч 10 хоногийн дараа “Та эдгэрсэн” гэж нэг залгаж байна. Ганц чагнаж үзээгүй байж, эдгэснийг яаж мэдэж байгааг лавлахад “Та одоо бусдад халдварлуулахгүй” гэсэн хариултыг өгч байна. Бусдад л халдаахгүй байвал тэр хүний биеийн байдал ямар байгаа нь эмчид сонин биш аж. Элдэв архаг хуучгүй нь гэртээ хэвтэж байгаад сульдсан, амьд зомби шиг гэрээсээ гарч ирнэ. Эрсдэлтэй нөгөө нь  хүндэрч, үхэхийн даваан дээр эмнэлгийн бараа харна. Хэндээ ч гомдох билээ, хэн хүнгүй дөжирсөн цаг үе шүү дээ.

 

Коронавирусийн халдвар авсны дараа хүний бие маш ядруу, сульдаа болдог. Гэтэл эрүүл мэндийн салбарт халдвар авсны дараах нөхөн сэргээх эмчилгээ, зөвлөгөө байхгүй. Агаар амьсгал, дасгал хий гэхээс өөрцгүй. Үнэндээ дасгал хийх ч тэнхэлгүй биеийг яаж ч хүчлээд нэмэргүй.

 

Ийм байдлаар коронавирусийн халдвар өдгөө зүгээр л статистик болон хувирав.  Өдөрт илэрсэн, нас барсан хүмүүсээ л бүртгэж, тоолж байвал барав болж. Вакцин олоод аваад ирсэн, хийлгэвэл хийлгэ, байвал бай. Дэлхийд дельта вирус тархаж, Монголд бүртгэгдсэн шүү, хамгаалвал хамгаал, өөрсдөө мэд. Бүх л мэдээлэл, нөхцөл байдал, хандлага хайхрамжгүй түвшинд хүрсэн. Товчхондоо амь амиа бодох цаг үе ирсэн гэсэн үг. Амны хаалтаа зүү, гараа угаа гэх сануулга ч улиг болсон. Тиймээс гараа угааж, амны хаалтаа зүүгээрэй биш зүгээр л амь амиа бодоорой гэж хүсье.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Амь амиа бодоцгоо.Байгалын шалгуурт унавал хохирч дуусна шүү.
2021-07-23
zochin:
дэлхий даяаараа гэрээрээ л эмчилж байна Ер нь манахан юм үзээгэй даварсан улсууд шүү дээ
2021-07-23
zochin:
tiim shuu oorsdoo l hicheeh heregtei
2021-07-23
Zochin:
Өөр арга алга даа. Ганц манайх биш дэлхиы нийтээр хөл алдаж бна. Вакцинаа хийлгээд өөрийгөө хамгаалаад байхаас өөр арга байхгүйг харуулж бна. Хичнээн ч төр засаг эмнэлэг рүү дайраад ачааллаа дийлэхгүй байхад өөр яах вэ дээ
2021-07-23
zochin:
tiim shuu oorsdoo l hicheeh heregtei
Irgen:
Товчхондоо үнэн хэлж. Хичнээн хөнгөн юм шиг байвч маш их сульдаж ядардаг. Амь амиа бодоод ядаргаатай санагдсанч маскаа зүүх нь халуунд тусч ядрахаас хамгаална. Үр дагавар нь удаандаа хэр байхыг хэн ч мэдэхгүй.
2021-07-23