Токио-2020: Хамгийн залуу тамирчин 12, ахмад нь 66 настай
2021-07-24

Долдугаар сарын 23-ны өдөр Японы нийслэл Токио хотноо XXXII  Олимпын нээлтийн ажиллагаа боллоо. Энэ наадам 2020 оны долдугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын есний хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч цар тахлын улмаас хойшилсон ч "Токио-2020" гэсэн нэрээ хадгалж үлдсэн юм. 

 

2020 оны зуны олимпын зохион байгуулагч хотыг сонгосон нь

 

 

2013 оны есдүгээр сарын долооны өдөр Аргентины Буэнос-Айрес хотод болсон Олон улсын олимпын хорооны 125 дахь удаагийн чуулганаар XXXII Олимпыг зохион байгуулах хотоор Токио хотыг сонгосон юм. Санал хураалтын дүнгээр Стамбул, Мадрид хотыг ардаа орхин Токио хот хамгийн их санал авч байлаа.

 

 

Өмнө нь Токио хотод 1964 онд Зуны Олимп зохион байгуулагдаж байв. Тодруулбал, 1964 оны 10 дугаар сарын 10-24-ний хооронд олимпын наадам зохион байгуулагдсан бөгөөд энэ нь Азид зохион байгуулагдсан анхны олимп болж байлаа.

 

Энд дуулгахад 1940 онд Токио хотод Зуны олимпын наадмыг зохион байгуулах ёстой байсан ч Япон улс Хятад руу довтолсоны улмаас Хельсинки хотод олимп явуулахаар болсон ч дараа нь энэ наадмыг нэг мөр цуцалж байв. 

 

1964 оны олимпын наадмыг намар зохион байгуулсан ч "зуны" гэх уламжлалт нэрийг хадгалж үлдсэн байна. Токио хотод зун аагим халуун, хэт чийгшилтэй байдаг тул ийм нөхцлөөс зайлсхийн 1964 оны намар Зуны Олимпыг зохион байгуулж байжээ. 

 

Токио-2020 наадмын оролцогчид 

 

ОХУ-ын тамирчид Оросын Олимпын хорооны туган дор оролцож байна

 

Энэ удаагийн олимпын наадамд 204 орны олимпын хороог төлөөлөх 11 мянга гаруй тамирчин оролцоно. Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос бүрдүүлсэн дүрвэгсдийн баг оролцох юм. Хойд хөрш ОХУ энэ наадмаар төрийн далбаагүй жагсан, медалийн индэр дээр ч төрийн дууллаа эгшиглүүлэх боломжгүй болсон. Тэд долдугаар сарын 23-ны өдөр Оросын Олимпын хорооны туган дор алхсан бөгөөд Оросын тамирчдыг ялалт байгуулсан тохиолдолд ОХУ-ын төрийн дууллын оронд Чайковскийн хөгжим эгшиглэх юм. Ийнхүү Оросын тамирчид далбаагүй, төрийн дуулалгүй оролцох болсон нь Орос улс допингийн эсрэг журмыг зөрчсөнтэй холбоотой аж. 

 

Хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг нь АНУ-ынх

 

АНУ-ын баг

 

Токио-2020 наадмын оролцогчид дундаас хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь АНУ юм. Тус улс 613 тамирчныг Токио руу илгээжээ.

 

Харин хамгийн цөөн бүрэлдэхүүнтэй нь Андорра, Бермудын арлууд, Бруней, Доминик, Лесото, Мавритани, Маршаллын арлууд, Науру, Сомали, Тувалу, Төв Африкийн БНУ, Өмнөд Судан улсууд юм. Эдгээр орнуудыг ердөө хоёр тамирчин төлөөлж байна.

 

Тамирчдын нас

 

Сирийн тамирчин Хенд Заза 

Наадмын хамгийн залуу оролцогч нь Сирийн тамирчин Хенд Заза юм. Ердөө 12-хон настай энэ тамирчин охин ширээний теннисний тэмцээнд оролцоно. Тэрбээр 2020 оны гуравдугаар сард Иорданид болсон олипмын эрх авах тэмцээний ялагч болсон бөгөөд шувтаргын тоглолтын үеэр 11 настай байжээ. Хенд Заза олимпын наадмын хамгийн залуу оролцогч гэдгээрээ түүхэнд бичигдэж байна.

Австралийн тамирчин Мэри Ханна

Харин хамгийн ахмад оролцогч нь Австралийн тамирчин болж байна. Өдгөө 66 настай Мэри Ханна морин спортын төрөлд оролцох юм. Тэрбээр өмнө нь таван удаа Олимпод оролцож байжээ.

 

Олимпын тосгон 

 

 

Токиогийн булангийн эрэг дэх Олимпын тосгоны нийт талбай 44 га. Энэ тосгон нэг дор 18 мянган тамирчин болон бусад төлөөлөгчдийг 3800 байранд байрлуулахаар тооцоолон баригджээ. Тосгоны нутаг дэвсгэр дээр хэд хэдэн хоолны газар, фитнесс төв, допинг хяналтын цэгүүд, халдварт өвчний эмнэлгийн хяналтын цэгүүд байрлаж байгаа юм.

 

15 тэрбум долларын өртөг 

 

 

Токио хотноо зохион байгуулагдаж буй зуны олимпын нийт төсөв 15,4 тэрбум ам.доллар. Энэ наадмыг зохион байгуулахад 190 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний дунд сайн дурынхан ч багтаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин