УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын спикерүүдэд талархал илэрхийлэв
2021-07-24 17:05

 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн гадаад улсын Парламентын спикерүүдэд Монгол Улсын Их Хурлын нийт гишүүд, ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, хариу мэндчилгээ илгээлээ.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, Эрхэмсэг хатагтай В.И.Матвиенкод талархал илэрхийлж илгээсэн хариу мэндчилгээндээ, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Тантай нягт хамтран ажиллахдаа баяртай байдаг.

 

Цар тахлын нөхцөл байдал арилмагц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх хүрээнд парламентын удирдлага, Байнгын хороодын түвшний айлчлал, уулзалтууд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гээд Эрхэмсэг хатагтай Валентина Ивановнад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.

 

 

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга, ноён Жеорж Фюри болон Парламентын Нийтийн танхимын дарга, ноён Антони Рота нарт хариу мэндчилгээ илгээж, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагууд үр бүтээлтэй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахын төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна гэдгээ илэрхийлэв.

 

 

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Ласло Көвер-т илгээсэн хариу мэндчилгээндээ “Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой билээ. Бидний хамтын хүчин чармайлт манай хоёр улсын хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт гүнзгийрүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцолжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин