Дарья Белодед: Ээжийнхээ төлөө энэ медалийг авлаа
2021-07-25

Токио-2020 оны олимпын наадмын үеэр хүч чадлаа төдийгүй гоо үзэсгэлэнгээ гайхуулж яваа олон тамирчны нэг нь Дарья Белодед. Украины жүдочин тэрбээр ердөө 21 настай ч хэдийнэ дэлхийн аварга гэсэн цол зүүсэн нэгэн бөгөөд долдугаар сарын 24-ний өдөр Олимпын дэвжээн дээрээс хүрэл медаль хүртсэн юм. Хүрэл медалийн болзол хангасныхаа дараа цурхиран уйлж байсан түүнийг зарим тоймчид "алтан медалийн төлөө ирсэн ч ялагдаж, хүрэл медаль авсандаа шаралхан уйлж байна" гэж байсан ч үнэндээ энэ нь түүний гоморхлын дараах баярын нулимс байлаа. Дарья энэ мөчийн талаарх сэтгэгдлээ Фейсбүүк хуудсандаа хуваалцжээ. 

 

"Бүхий л он жилүүдэд толгойд минь эргэлдэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслаж байсан мөрөөдөл анх зургаан настай байхад минь бий болсон юм. Би Олимпын алтан медалийг мөрөөдөж байлаа. Би маш их бэлтгэл хийж, өлсөж, өвдсөн үедээ тэсэж, олон зүйлээс татгалзаж байсан. Энэ талаар би хэнд ч ярьж байгаагүй, гэхдээ миний замнал ямар хүнд байгааг харж байсан хамгийн ойрын хүмүүс л энэ талаар мэднэ. Энэ бүхэн Олимпын алтан медалийн төлөө л байсан юм" хэмээн Дарья Белодед бичжээ. 

 

Ердөө зургаахан настайгаасаа Олимпын алтан медаль мөрөөдсөн Дарья 2018 онд 17-хон настайдаа дэлхийн аварга болсон юм. Ингэснээр тэрбээр түүхэн дэх хамгийн залуу аварга гэж нэрээ мөнхөлж байв. Түүнийг ээж нь болох Светлана Кузнецова дасгалжуулж энэ амжилтад хүргэжээ. Энэ удаагийн олимпоор хэдий мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч ээжийнхээ төлөө ихэд хичээснээ Дарья Фейсбүүк хуудсандаа бичсэн байна. 

 

 

"Өнөөдөр би Токиогийн олимпоор хүрэл медаль хүртлээ. Шувтаргад орох ялагдлынхаа дараа би ихэд сэтгэлээр унаж, хүрлийн төлөө барилдах ямар ч урам зориггүй болчихсон байсан. Би бүх зүйлийг хаямаар л байлаа, миний хамгийн гол мөрөөдөл замхарсан болохоор тэр. Цааш өрсөлдөх ямар ч урам зориг байгаагүй. Харин эцсийн мөчид намайг зоригжуулсан цорын ганц зүйл нь ээжийн минь үгс байв. "Миний төлөө энэ медалийг ав" гэж ээж хэлсэн. Ингээд би ээжийнхээ, аавынхаа төлөө хичээлээ. Тэд энэ медалийг авах гавьяатай хүмүүс, тиймээс тэдэнд энэ хүрэл медалиа зориулж байна. Та нартаа маш их баярлалаа. Үргэлж хамт байж, дэмжиж, бууж өгөх үед хэрэгтэй үгсийг хэлж дэмжиж байсан. Одоо би энэ медалийн үнэ цэнийг ойлгож байна. Энэ медаль надад алт шиг л санагдаж байна. Учир нь бид үүнд хүрэхийн тулд асар их хүндрэл бэрхшээлийг даван туулсан. Миний мөрөөдөл хэвээр, мөрөөдлөө заавал биелүүлнэ!" хэмээн Дарья бичжээ.

 

Энд дуулгахад, Украины жүдочин Дарья Белодед  48 кг хүртэлх жинд хүрэл медаль хүртсэн юм. Хүрэл медалийн төлөөх барилдааны дараа тэрбээр сэтгэлээ барьж дийлэлгүй, уйлсан нь олны сэтгэлийг хөдөлгөж байлаа. Гуравдугаар байрын төлөө тэрбээр Израилийн тамирчин Ширу Ришониг ялсан бөгөөд ингэснээр Украины хувьд Токио-2020 олимпын анхны медаль болсон юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хуцдаг орос тролл...заваан гахай...
2021-07-26
Балиар дээрэлхүү, расист бас фашист хүүхэн
2021-07-26
Хуцдаг орос тролл...заваан гахай...