Токио-2020: Олимпын дэвжээнд алдраа дуурсгаж яваа АХ, ЭГЧ ДҮҮС
2021-07-26

Долдугаар сарын 25-ны өдөр Японы жүдочид Хифуми болон Ута Абэ нар алтан медаль хүртсэн юм. Японы хувьд хоёр алтан медаль авчирсан энэ тамирчид ах дүүс байсан гэдгээрээ олны бахархлыг төрүүлж байв. Хүүхдүүд нь дэлхийн гол тэмцээнд оролцож, түүгээр ч үл барам медаль хүртэхийг харсан олимпын тамирчдын эцэг, эх ямархан бахдлаар дүүрэн байхыг төсөөлөшгүй. Хифуми болон Ута нар олимпод оролцож буй цорын ганц ах дүүс биш. Ах, эгч дүүгээрээ олимпод оролцож буй тамирчдыг танилцуулж байна. 

 

Япон. Жүдо. Хифуми болон Ута Абэ  нар 

 

 

Өдгөө 23 настай Хифуми Абэ 2017 болон 2018 онуудад 66 хүртэлх килограммы жинд дэлхийн аварга болж байв. Харин 2019 оны ДАШТ-д хүрэл медаль хүртсэн юм. Үүнээс өмнө 2014 онд Өсвөрийн олимпод ялалт байгуулж байсан бол энэ удаад эх орныхоо дэвжээн дээр алтан медаль хүртэж, Олимпын аварга гэх эрхэм цолтой болов. 

 

Харин түүний охин дүү, 21 настай Ута мөн л 2018, 2019 онуудад 52 хүртэлх кг жинд ДАШТ-д хоёронтоо аварга болж байваа. Сонирхолтой нь, Ута ахаасаа түрүүлж Олимпын шигшээ багт багтаж байжээ. Харин Хифуми ганцаарчилсан мэрргэжлийн тулаанд оролцож, багт багтах эрхийн төлөө тэмцэхээс аргагүй болсон гэнэ. 

 

Энэ тулаанд ялалт байгуулсныхаа дараа тэрбээр "Олимпын наадамд охин дүүгийнхээ хамт алтан медаль авахаар зорьж байна гэж албан ёсоор хэлэх боломжтой боллоо. Би ахын хувьд ялагдах эрхгүй" хэмээн өгүүлжээ. 

 


Их Британи. Спортын гимнастик. Жессика болон Женнифер Гадирова

 

Британийг төлөөлж буй, 16 настай Жессика болон Женнифер Гадирова нар ихэр охид. Тэд Азербайжанаас гаралтай. Тэдний дасгалжуулагчид нь мөн л ах дүүс бөгөөд Молли болон Жошуа Ричардсон гэсэн ах дүүс ихэр охидыг дасгалжуулагчид аж.

 

Жессика Женниферээс илүү амжилтад хүрсэн. Тэрбээр 2021 оны чөлөөт дасгалын Европын аварга, тулгуурт харайлтын мөнгөн медальтай.

 

Франц, тулгуурт хайралт. Рено болон Валентин Лавиллени

 

 

Сонирхогч тамирчин байсан эцгийнхээ удирдлага дор ах дүүс анх спортын гараагаа эхэлжээ. Рено 2012 оны Лондонгийн олимпын аварга, Рио-2016 олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий таван удаагийн шагналт, Европын олон удаагийн аварга юм. 

 

Түүний дүү 30 настай Валентин ахынхаа амжилтад хүрээгүй ч хүнд гэмтлийн дараа дахин сэргэж, их спортдоо эргэн ирж чадсан нэгэн. Өнгөрсөн, Европын аварга шалгаруулах тэмцээнээр мөнгөн медаль авсан бол үүнээс өмнө Францын аварга шалгаруулах тэмцээн дээр ахыгаа ялж байв. Тэд гэр бүлийн цуглуулгадаа хоёр медаль нэмэхээр Токиод ирсэн. 


Франц, гандбол. Никола болон Лука Карабатич 

 

 

Ах дүү Карабатич гандболын дэлхийн гол оддын тоонд багтдаг. Өдгөө 37 настай Николаг дэлхийн хамгийн шилдэг гандболчин гэж удаа дараа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд тэрбээр олимпын хоёр удаагийн аварга, мөн 2016 онд олимпын мөнгөн медаль хүртэж байв. 

 

Харин түүний дүү 33 настай Лука Риогийн олимпоор мөнгөн медаль хүртэж байлаа. Тэд хамтдаа дэлхий болон европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд ялж байсан юм. 

 

Ах дүүс Югославын шигшээгийн хаалгач байсан эцгээсээ өвлөн гандболыг сонирхох болжээ. Гэхдээ анх Лука теннисээр хичээллэдэг байсан ч дараа нь ахтайгаа нэгдсэн байна.

 

Бельги, хөнгөн атлетик. Дилан, Жонатан болон Кевин Борле

 

 

Энэ гэр бүлийнхэн спортын арвин, бахархам түүхтэй.  Ах дүүсийн эцэг Жак Борле Москва-80 олимпод 400 метрийн гүйлтэд оролцож байсан бол ах дүүсийн эгч Оливия Бээжин -2008 олимпод 4х100 метрийн буухиад алтан медаль хүртэж байлаа. 

 

Хэдийгээр ээж, аав нь хоёулаа энэ спорттой холбоотой ч гагцхүү эгч нь тэдэнд урам зориг өгснөөр, хөнгөн атлетикийг сонгосон гэж Кевин Борле ярьж байв. Тамирчдын аав хүүхдүүдээ болон бусад тамирчдыг дасгалжуулдаг аж. 

 

Ах дүүс Рио-2016-д 4х400 метрийн буухиад оролцон дөрөвдүгээр байр эзлэж байсан бөгөөд энэ удаад анхны олимпын медалиа хүртэх зорилготойгоор Токиод иржээ. 

 


АНУ, хөлбөмбөг. Саманта болон Кристи Мьюис

 

АНУ-ын эмэгтэй шигшээ багийн тоглогчид болох Саманта болон Кристи Мьюис нь ийм өндөр төвшинд, хөлбөмбөгийн спортоор АНУ-ыг төлөөлж буй анхны эгч дүүс юм. Тэд багаасаа л энэ спортод дурлан, арын хашаандаа өдөржин хөлбөмбөг тоглодог байжээ. Тиймээс эцэг эх нь тэдний энэ сонирхлыг дэмжихээс аргагүй болсон гэдэг.

 

Саманта 2019 оны ДАШТ-д АНУ-ын шигшээгийн бүрэлдэхүүнд тоглож байсан бол Кристи шигшээд багтаж чадаагүй. Гэхдээ тэр эгчийнхээ ялалтыг нулимс цийлэгнүүлэн бахдаж байлаа. Үүний дараа Кристи үндэсний шигшээд багтахын тулд цуцалгүй ажиллажээ.

 


Кабо-Верде, сэлэлт. Жайла болон Трой Пина

 

Ах дүү хоёр АНУ-д төрсөн ч ээжийнхээ эх орны нэрийн өмнөөс Олимпод оролцож байна. Гэхдээ тэд ээжийнхээ нутагт нэг ч очиж байгаагүй. Жайла болон Трой Пина нар усанд сэлэлтийн төрлөөр Кабо-Вердег төлөөлж буй анхны тамирчид болж байгаа юм.

 

Анна-Мария болон Эйрини 

 

Синхрон сэлэлтийн төрөлд гурвуулаа оролцдог байсан бол Александригийн бүхий л охид үүнд оролцох байсан биз. Харамсалтай нь хоёулаа л оролцдог энэ төрөлд Анна-Мария болон Эйрини нар оролцож, Токиод авьяас чадвараа гайхуулж байгаа бол эгч дүүсийн нэг, мөн л синхрон сэлэлтийн тамирчин Василики гэртээ үлджээ.

 

Тамирчид Австрийг төлөөлж байгаа юм. Тэд 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, түүнчлэн зургадугаар сард болсон мэргэжлийн тэмцээнд нэгдүгээр байр эзлэж байв.

 

ОХУ. Диана болон Арина Аверина 

 

Токиод хүч үзэж буй ихэр эгч дүүсийн нэг нь Арина болон Диана Аверина, тэд 23 настай.  Арина Аверина спортын гавьяат мастер, дэлхийн дөрвөн удаагийн, Европын есөн удаагийн аварга, тэр дундаа 2018, 2021 онуудын Европын хоёр удаагийн үнэмлэхүй аварга, Оросын гурван удаагийн үнэмлэхүй аварга тамирчин аж. 

 

Түүний ихэр дүү Дина Аверина дэлхийн 13 удаагийн аварга, тэр дундаа гурван удаагийн дэлхийн үнэмлэхүй аварга, Европын 10 удаагийн аварга тамирчин юм. Тэдний эгч Полина Аверина мөн л энэ спорттой холбоотой, одоо уран гимнастикийн дасгалжуулагчаар ажилладаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гоё юм аа
2021-07-27