ШУУД: Монгол Улсын нийт хүн амын 60% вакцины бүрэн тунд хамрагдлаа
2021-07-28

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Манай улсад дархлаажуулалтын ажил эрчимтэй зохион байгуулагдаж байгаа. Үүний хүрээнд Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдсан гэх мэдээллийг ЭМЯ-наас өгсөн. Мөн 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалт эрчимтэй үргэлжилж байгаа. Хүүхдүүдийг бүрэн вакцинжуулснаар хүн амынхаа 70 орчим хувийг дархлаажуулах тооцоолол гарч байна. Хэдийгээр Монгол Улс хүн  амынхаа 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан  гэсэн тайвшрах цаг болоогүй гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байгаа. 

 

Өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-наас гадаадын улс орнуудад хийгдсэн шинжилгээний хариуг танилцуулсан. Шинжилгээний хариугаар манай улсад коронавирусийн "Дельта" хувилбар бүртгэгдсэн.  Өөрөөр хэлбэл, дэлхийн 124 улсад тархаад байгаа "Дельта" хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн. Энэ нь анх гарч байсан хувилбараасаа өндөр хурдтай тархдаг, өвчлөлийн хүндрэл их. Коронавиурсийн "Дельта" хувилбар нь тархах чадвар нь 40-80 хувиар, эмнэлэгт хэвтэх эрсдэл нь хоёр хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарсныг ЭМЯ-наас танилцууллаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна.

 

Засгийн газрын хуралдаанд "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг долоо хоног бүр танилцуулдаг. Уг танилцуулгаар зээлийн нийт гүйцэтгэл 3.2 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл 32 хувьтай байгаа.  "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлснээр нийтдээ 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан тухай Сангийн яамнаас мэдээлсэн. 

 

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталсан. Чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д ажлын айлчлал хийж, амжилттай болсон. Үүний хүрээнд хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх гэх мэт Монгол Улсын Засгийн газраас тавьсан саналуудад БНХАУ-ын тал эерэг хариу өгсөн талаарх мэдээллийг ГХЯ-наас мэдээлсэн. Замын-Үүдийн гарах чиглэлд өдөрт 110 автомашин гарч байгаа. Үүнээс 100 автомашин ачаагүй, 10 нүүрстэй автомашин гарч байгаа. Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна." гэв.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
tele bolon tsahimaar oruulaach
2021-07-28