Ариутгалын ганц хаалга авралын гарц биш шүү
2021-07-29

Замын-Үүдэд Засгийн газрын десант буугаад нөхцөл байдал сайжирсан мэтээр сошиалд сэвэгдэж байна. Үгүй ээ, түгжирсэн, хүлээсэн байдал хэвээр байгаа шүү. Ариутгалын хаалга шинэчлэгдсэнээс өөрөөр ахиц дэвшил гараагүй байгаа. Монголын талаас Эрээн рүү гарах машины очер дараалал хэвээр байгаа. Бас ачаа тээврийн үнэ ч буураагүй.

 

Товчхондоо Замын-Үүд Өмнөговийн Гашуунсухайтын боомтын араас орсон гэсэн үг. Дэлхийн хамгийн урт түгжрэл Монголын говьд үүслээ хэмээн олон улсын хэвлэлээр цоллуулж, нүүрс тээврийн машины жолооч нар зам дээр 10, 20 хонон очерлож, хилээр сардаа ганц гардаг. Хэдэн зуун жолооч зам дээр өдөр шөнөгүй хэвтэж, хэзээ Хятадын тал таталт хийхийг хүлээж, царайчилдаг. Монголын экспортын гол бүтээгдэхүүн ийм гацалт, түгжээтэйгээр олон жилийг үзсэн. Харин одоо импорт нь гацчихлаа. Өмсөх хувцас, идэх хоолоо бүгдийг нь урд хөршөөсөө зөөдөг бидэнд энэ гацаа сайн сайхныг авчрахгүй нь тодорхой.

 

Замын-Үүдэд очсон Засгийн газрын баг ямартай ч ариутгалын хаалгаа сольжээ. Гэхдээ энэ гайхуулаад байх гавьяа биш. Засгийн газрын, Замын-Үүдийн удирдлагуудын аль эрт хийх ёстой ажил байсан. Тэд ажлаа хийгээгүйгээс болж,  олон олон бизнес эрхлэгч, иргэд хохирсон. Засгийн газрынхан амаараа эдийн засгаа сэргээн, бизнесээ дэмжинэ гэж бүтэн жил ярьсан ч ажил нь яваагүйг Замын-Үүдийн хаалга бэлээхэн харуулна.

 

Өнөөдөр ч гацаа нь арилаагүй, тээврийн зардал нь тэнгэрт тулсан Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. “Замын-Үүд” чөлөөт бүс байнгын ажиллагаанд орсноор иргэд, аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийх итгэлтэй болж, дулааны улиралд бүтээн байгуулалт хийгдэж, ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтэц сайжирч, хилийн хяналтын мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн дагуу нэг цонхны үйлчилгээ үзүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад, дотоод худалдаа эрхлэлт болон орон нутагт ажлын байр нэмэгдэнэ гэж Засгийн газар үзжээ. Ирэх 08 дугаар сарын 15-наас эхлээд Замын-Үүдэд гайхамшиг бий болох бололтой. Гэхдээ энэ гайхамшигт чинь иргэд итгэлгүй байна. Өнөөдөр ч 1000 машин очерлож байгаа хилийн гарц гэнэт сайжралыг олно гэдэг юу л бол.

 

Тэгээд Монгол Улс чөлөөт бүсийн тухай хэдэн арван жил ярьснаас хөгжүүлж байсан түүх үгүй. Алтанбулагийн чөлөөт бүс ямар байгааг явж үзсэн хүн бүр мэднэ. Төр засгийнхан ямар гайхамшигтай юм ярьж байлаа. Өнөөдөр ч унтаа, идэвхгүй хэвээр л байна. Алтанбулагийн чөлөөт бүс хэмээн мөрөөдөж явсан бид одоо Замын-Үүдийн чөлөөт бүс гэж дахин мөрөөдөх нь.

 

Замын-Үүдээр, Алтанбулагаар, Гашуунсухайтаар экспорт, импорт орж гарч, хөршүүдтэй харилцах нь мөнхийн ажил. Өмнө нь байсан, одоо ч байгаа, цаашид ч үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл энэ хил боомтууд гэнэт нээгдээгүй гэсэн үг. Гэтэл төр засаг гэнэт өчигдөр нээсэн, нээгдсэн мэт барьц алдаж, асуудал хүндрэлийг нь шийдэхгүй, хэдэн арван жил сунжирсаар л байна. Экспорт, импортын боомтынхоо асуудлыг шийдээгүй байж эдийн засгаа сэргээнэ гэдэг бол ёстой лөөлөө. Зах зээл дээр эргэлдэж байх ёстой мөнгө тэнд гацаж байхад энд мөрөөдөх шаардлагагүй.

 

Эцэст нь дахин давтъя. Замын-Үүдийн нөхцөл сайжраагүй, тэнд очерлосон, дугаарласан хэвээр байгаа. Ариутгалын ганц хаалга авралын гарц биш шүү.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нээх л сайхан ярьсан хүмүүс саяхан манай дарга нао очоод Эрээнээс илүү хөгжүүлчихсэн юм бишүү. Бөөн бөөнөөрөө очоод хачин саыхан болчихсон гээд л
2021-07-30
Muugii:
Dotoodiin heden uildweree hugjuulj, urgujuulehgui bugdiig zuuj heregtseegee hangadagiin gai ni odoo garch bna. Uragshaa garah nuursnii heden tereg l baigaa biz dee. Galt teregeer teriigee zuu Za yu ! Etsest ni avliga ikh uguud baival ajil turuld chine ene tugjirlees iluu ikh khokhiroltoi gedgiig uhaartsagaa!!!!
2021-07-29
зочин:
Hээх л импортгүй амидарч чаддаг юм шиг үхэрүүд...Oрос Xятад 2 хилээ удаахан хаахад л Mонголчууд зүгээр л шууд бие биенээ алж эхэлцгээнэ.
2021-07-29
Shuuh:
Хүрэлсүх е сайд байхдаа баахан газрын дарга нарыг цуглуулаад загнаж байсан даа.яг тэрийг нэг галзуу авгай дуурайгаад жаахан дүвчигнээд чанга дуугаар эрүүл мээдийн газарыг шүүмжилсэн чин ард түмэн маш сайн хүн мэтээр дүгнэчихсэн.хаха.хар масс гэж аргагүй байдаг юм бна.сайн муугийн ялгааг массынхан мэддгүй юм бна .өрөвдөлтэй юм аа.нөгөө галзуу авгай нь замийн үүдийн газарыг зохицуулхаар очиж байдаг.ха хаха.
2021-07-29