Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг ирэх сард эхлүүлнэ
2021-07-30

 

Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн биржийн бус зах зээлийн цахим платформ OTC.MN цахим хуудсыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн системтэй холбох ажлыг хийж буй бөгөөд энэ хүрээнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдөр боллоо.

 

Хоёр тал гарын үсэг зурснаар биржийн бус зах зээлийн цахим платформ үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн системд холбогдож ингэснээр ирэх сараас дээрх үйл ажиллагаа бүрэн ажиллаж эхэлнэ.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 995 дугаар тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаар биржийн бус зах зээлийн үндэс суурь тавигдах эхлэл болсон. Энэхүү журмын дагуу Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд энэ сарын 1-нд Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулснаар эрх зүйн орчин нь бүрдсэн юм.

 

Ийнхүү олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийг Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран хөгжүүлснээр үнэт цаасны зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах үндэс суурь тавигдлаа. Биржийн бус зах зээлийн арилжаа нь 100 хувь цахимаар явагдах бөгөөд өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, хөрөнгө оруулахад таатай, хялбар байх болно.

 

Нөгөөтэйгүүр, биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг нээснээр компаниудын хувьд компанийн хаалттай өрийн хэрэгслийг арилжаалах эрх зүйн орчин бүрдэж, үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хөрөнгө оруулагчийн зүгээс хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах болон мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой.

Shuud.mn
Сонин хачин