Таксины төлбөр нэмэгдэж, суух хүнгүй болжээ
2021-08-02

 

Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1750 төгрөгийн үнэтэй болсон. Мөн долдугаар сарын 30-нд дахин АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг боллоо. Ингэсээр өнгөрсөн долдугаар сард АИ-92 авто бензиний үнэ нийт 600 төгрөгөөр нэмэгдсэн юм. Шатахуун импортлогчид дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жил тасралтгүй өсч байгаа учир үнээ нэмэх зайлшгүй шаардлага үүссэн гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор такси үйлчилгээний үнэ нэмэгджээ. Тодруулбал, км тутамд 1000 төгрөг байсан такси үйлчилгээний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдэж, км нь 1300-1500 төгрөг болжээ.

 

“Хүчитшонхор” захаас таксинд суув. Ингээд зам зуур шатахууны үнэ, таксины үнэ нэмэгдсэн талаар яриа өрнүүллээ.   

 

Такси үйлчилгээнд яваад хэдэн жил болж байна вэ?

 

-Удаагүй ээ, Би урд том тэрэгний жолооч ажилтай. Хил хаалттай байгаа учраас ажилдаа гарч чадахгүй байна. Тэгээд аргагүй таксинд явж байгаа.

 

Шатахууны үнэ өссөн нь таны орлогод нөлөөлж байна уу?

 

-Иргэд коронавирус халдварын энэ үед автобусанд суухаас татгалзаж байна. Зөв хэрэг. Гэхдээ мэдээж хүн бүрт өдөр бүр такси барих боломж байхгүй. Бензиний үнэ өссөн болохоор км тутамдаа 1500 төгрөгөөр үйлчилж эхэлсэн. Бид ч гэсэн амьдрахын тулд явж байгаа шүү дээ. Бензиний үнэ нэмэгдсэн болохоор яах ч арга байхгүй. Зарим хүмүүс нь бензиний үнийг  нэмэгдсэнийг мэдэлгүй хэрүүл хийх л юм. Гэхдээ ихэнх нь ойлгож байна шүү./инээв/ Бүгд л орлого муутай хаа хаанаа хэцүү л байгаа байх.

 

Ингээд бид зорьсон газраа ирэв. Цааш эргэж дахин өөр таксинд суув. Эмэгтэй жолооч таарав.

 

Такси үйлчилгээнд яваад хэдэн жил болж байна вэ?

 

-Таксинд яваад удаж байна. Ажил хийдэг юм. Гэхдээ цалин маань амьдралд хүрэлцэхгүй болохоор илүү цагаар таксинд явдаг. Дан ганц таксины орлогоор амь зуудаг иргэд ч бий. Цар тахлаас болоод хэцүүхэн л байна.

 

 Шатахууны үнэ өссөн нь таны орлогод нөлөөлж байна уу?

 

-Бензиний үнэ энэ сард хоёр удаа нэмэгдлээ. Нийт 600 төгрөгөөр нэмэгдсэн болохоор хүмүүс хол газар л такси барихаас өөр таксинд суух нь ховор болсон байна. Хүмүүсийн амьдрал ижилхэн хэцүү байгаа. Бензиний үнэ нэмэгдсэн болохоор км нь 1300 төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл 300 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өөр таксинууд 1500 гэж байгаа. Дахиад бензиний үнэ нэмэгдвэл яахаа мэдэхгүй юм.

 

Цааш эргэж автобусны буудал дээр зогсох таксины жолооч нараас үнийг тодруулав. Бүгд ижил үйлчилгээний үнээ км тутамд 500 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Иргэд бензиний үнэ нэмэгдсэн учраас таксинд суух нь ховордож байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зөв хэрэглээ:
Зөв байна, хүмүүс хэрэглээгээ зөв болгож эхэлж байна. Алхах нь эрүүл мэндэд ч эдийн засагт тустай
2021-08-02
zochin:
Шатхууны үнэ буухад таксины үнээ буулгаагүй байж одоо боль
2021-08-02
Niitiin teevriin suljeegee onovchtoi zuv zohion baiguul. Avtobusnuudaa tsagiin huvaariin daguu yavuul.
2021-08-02