АНУ дельта штаммаас болж хатуу хөл хорио тогтоохгүй
2021-08-03

АНУ-д коронавирусийн дельта штамм тархсан хэдий ч дахин хатуу хөл хорио тогтоохгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөл хорио дууссаны дараа "эдийн засгийн өсөлт" гарсан тул халдварын улмаас дахин хөл хорио тогтоохгүй байх байр суурийг засгийн газар баримталж байгаа гэнэ. Түүнчлэн АНУ-ын нутаг дэвсгэр даяар албан журмаар вакцинд хамруулах шаардлагатай эсэх асуудлыг авч хэлэлцээгүй гэж Псаки онцолжээ.

 

Энд дуулгахад, коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д өвчлөлийн тоо буурахгүй байгаа юм. Энэ улсад вирусийн олон хувилбар тархсаны дотор халдварлах чадвар илүү өндөр гэгдэх дельта штамм тархаж, өвчлөлийн тохиолдлыг улам нэмсээр байна. Долдугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвартайгаар эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн тоо 2021 оны хоёрдугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлж байв. Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д 35 сая гаруй хүн халдвар авч, 613 мянган хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин