Сурвалжилга: Шинэ ургацын ногооны үнэ ханш
2021-08-04

 

Өнгөрсөн сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1750 төгрөгийн үнэтэй болсон. Мөн долдугаар сарын 30-нд дахин АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050 төгрөг боллоо. Ингэсээр өнгөрсөн долдугаар сард АИ-92 авто бензиний үнэ нийт 600 төгрөгөөр нэмэгдсэн юм. Шатахуун импортлогчид дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жил тасралтгүй өсч байгаа учир үнээ нэмэх зайлшгүй шаардлага үүссэн гэж тайлбарлаж байгаа. Тэгвэл бензиний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх талаар сурвалжлахаар “Барс” захыг зорилоо.

 

“Юу авах уу, шинэ ургацын ногоо байна. Яриад аваарай” гэж худалдаачид асууна. “Холдоорой, ачаа явж байна” гэж ачигч нар зөрнө. Хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Иргэд лангуунаас лангууны хооронд алхалж, аль хямд үнэ санал болгож буй худалдагчаас хэрэгцээтэй зүйлээ авах аж. Шинэ ургацын хүнсний ногоонууд зах зээл дээр хэдийнэ зарагдаад эхэлжээ.  Энд төмс, өргөст хэмх, лууван, манжин, улаан лооль, байцаа, хулуу зэрэг хүнсний ногоонууд өрөөстэй.

 

 

Худалдан авалт нэмэгдэж байна

 

Барс захын хүнсний ногооны худалдагч:

 

-Барс зах дээр хүнсний ногооны худалдагч хийгээд 3-4 жил болжээ. Урд жилүүдийнхтэй харьцуулбал худалдан авах чадвар муудсан. Хатуу хөл хорионы үед ямар ч орлого байхгүй хэцүү байсан. Харин одоо хүмүүс ажлаа хийж байгаа болохоор худалдан авалт нэмэгдэж байна. Шинэ ургацын ногоонуудаа хөдөө орон нутгаас авдаг. Гэхдээ өмнө авдаг байснаас үнэ нэмэгдсэн байсан.  Энэ жил луувангийн нөөцгүй байсан учраас шинэ ургац нь үнэтэй байгаа.

 

Бензиний үнэ нэмэгдсэн ч үхрийн махны үнэ нэмэгдээгүй 

 

Барс захын махны худалдагч:

 

-Цар тахлын жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар муу байгаа. Гэхдээ  үхрийн шинэ махыг сонгоод авч байна. Зарим хүмүүс үхрийн махыг үнэтэй байна гэдэг. Гэхдээ хамгийн сайн чанарын үхрийн шинэ мах шүү дээ.  Бензиний үнэ нэмэгдсэн ч үхрийн махны үнэ нэмэгдээгүй.  Хэрэв олон кг мах авбал хямдруулаад өгдөг. Намар болж малын махны өнгө засаж сайхан байна.

 

Шинэ ургац гарснаар хүнсний ногоо хямдарч байгаа

 

Барс захын хүнсний ногооны худалдагч:

 

-БНХАУ-аас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд үнэ нь нэмэгдсэн үнэтэй байна. Харин намар болж манай шинэ ургац гарснаар харьцангуй хямдарч байгаа. Шинэ ургацын ногоонуудыг Сэлэнгэ, Төв аймаг, Жаргалант зэрэг орон нутгийн тариаланчид оруулж ирж байна. Худалдан авч буй хүмүүст аль болох хямдруулаад өгч байгаа.

 

“Барс” зах Мах, шинэ ургацын хүнсний ногооны үнэ:

 

  • Үхрийн мах /ястай/ 1 кг - 13000-13500

  • Үхрийн мах/ясгүй/ 1 кг – 15000

  • Хонины мах/ясгүй/ 1 кг- 13000

  • Хонины мах/ ястай/ 1 кг-11500

  • Адууны мах/ясгүй/-13000

  • Адууны мах/ястай/-13000

Хүнсний ногоо: 

  • Шинэ ургацын төмс 1 кг – 1000-1200

  • Шинэ ургацын өргөст хэмх 1 кг -4000-4500

  • Шинэ ургацын лууван 1 кг – 4800-5000

  • Шинэ ургацын сонгино 1 кг -3000

  • Шинэ ургацын улаан лооль 1 кг – 9000

  • Шинэ ургацын хулуу 1 кг -5000

  • Шинэ ургацын юуцай 1 кг -5000

  • Шинэ ургацын Байцаа 1кг- 2000

  • Шинэ ургацын манжин 1 кг-2500

  • Хуучин ургацын төмс 1 кг-500

  • Хуучин ургацын лууван 1 кг-4500

 

 

Өдрөөс өдөрт хүнсний ногооны үнэ нэмэгдэх байх

БГД-ийн иргэн н.Отгон:

 

-Хүнсний ногоонуудаа авах гэж гарч ирсэн. Шинэ ургацын ногоонууд гарсан байна. Бензиний үнэ нэмэгдсэн өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх байх. Хүнсний ногоо болон бусад хэрэглээний зүйлсийн үнэ нэмэгдсэн байна. Дахиад бензиний үнэ нэмэгдэх сурагтай байсан. Хэрэв дахиад нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авч чадахгүй болж магадгүй. Ажилгүй хэцүүхэн л байна.

 

Бензиний үнийг буулгавал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах байх

 

БГД-ийн иргэн Б.Баттулга:

 

-Хөдөө явах гээд замын хүнс авах гэж ирсэн. Бензиний үнэ нэмэгдсэн болохоор бүх зүйлсийн үнэ нэмэгдсэн байна. Шинэ ургацын ногоонууд хямдхан байгаа гэж ярьж байна. Надад бол үнэтэй санагдаж байгаа. Шинэ ургацын ногоо их худалдаалагдаж эхлэхээр үнэ нь бага ч гэсэн буурах байх. Коронавирусийн энэ үед үнэтэй мах, ногоо, гурил авч хэрэглэх чадвартай хүмүүс ховор шүү дээ. Бидний амьдрал бүгд ижилхэн хэцүү байгаа. Гэтэл энэ үед бензиний үнэ нэмэгдүүлж байгаа нь буруу шийдвэр. Бензиний үнийг буулгавал дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах байх.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Orosuud benzinii unee barij chadaxgui bna aa
2021-08-05
zochin:
Бинзен буужил байдаг юны үнэ хэзээ дагаж бууж байлаа
2021-08-04