Уханийн 11 сая оршин суугчийг коронавирусийн шинжилгээнд хамруулна
2021-08-04

Дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар 2019 оны сүүлээр анх  дэгдэж байсан Ухань хотын бүх оршин суугчдыг нэн яаралтай коронавирусийн шинжилгээнд хамруулах шийдвэрийг хотын захиргаа гаргажээ. 

 

Энэ хотод халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэний улмаас нутгийн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргасан байна. ВВС агентлагийн мэдээлснээр, хотын оршин суугчид халдвар тээгчид байсан бөгөөд жил гаруйн хугацаанд Хятадад дотооддоо халдвар тархсан анхны тохиолдол нь энэ юм. Өмнө нь гагцхүү хилийн чанадаас ирсэн хүмүүсээс коронавирусийн халдвар илэрч, тэднийг нэн даруй тусгаарлалтад оруулж байв.

 

Ухань бол БНХАУ-ын хамгийн том, хүн ам хамгийн шигүү хотуудын нэг. Энэ хот оршин суугчийнхаа тоогоор Хятадад зургаад бичигддэг юм. Сүүлийн үеийн мэдээллээр, 11 сая хүн амтай энэ  хотод "Дельта" штамм тархахаас Хятадын эрх баригчид ихээхэн болгоомжилж байгаа гэнэ.

 

Сүүлийн өдрүүдэд Хятадад 15 мужид нийтдээ 300 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 90 тохиолдол нь наймдугаар сарын гуравны өдөр батлагджээ. Халдвар авсан хүмүүсийн долоо нь Ухань хотынх бөгөөд энэ хотод хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард л коронавирусийн тохиолдол бүртгэгдэж байв. 

 

Шинээр халдварын дэгдэлт гарсан нь дотоодын аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотой гэж орон нутгийн захиргаа үзэж байсан. Иргэд дотооддоо ихээр аялах болсон тул халдварлах чадвар өндөртэй дельта штаммын халдвар орж ирсэн гэж эрх баригчид үзэж байгаа аж.

 

Бусад орнуудад өдөрт л хэдэн мянгаараа илэрч байхад нэг тэрбум гаруй хүнтэй Хятад улсын хувьд халдварын 300 тохиолдол өчүүхэн мэт санагдах. Гэхдээ өнгөрсөн оны эхээр тахлын анхны хүнд цохилтыг биеэрээ мэдэрсэн Хятад улсын эрх баригчид өнгөрсөн оны гашуун туршлагыг давтах хүсэлгүй байна.

 

Өнгөрсөн жил дэлхийн хамгийн хатуу хөл хориог тавьж, өөр олон арга хэмжээ аван байж халдварыг хяналтдаа авсан Хятад улс шинээр халдвар бүртгэгдсэн 15 мужид дахин нэн хатуу хөл хорио тавин, оршин суугчдыг олноор нь шинжилгээнд хамруулж эхэлжээ. Халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй хөл хорионы үеэр аялал жуулчлалын дурсгалт газруудыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан, зарим зам, төмөр замуудыг хаасан байна. Мөн Ухань хотын оршин суугчдыг хотоос гарахгүй байх, цочирдолд орохгүй байхыг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин