Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн шав тавилаа
2021-08-04

Сүхбаатар дүүргийн 13 хороонд 220 орны хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, гүйцэтгэгч компанийн захирал Б.Боролзойхүү болон хорооны Засаг даргын Ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 145 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлаа эхлүүллээ.

 

 

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай дүүргийн хувьд жилдээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд 260 гаруй мянган хүн хамрагдаж, 16 мянга орчим ээжүүд төрж, түргэн тусламжаар 112 мянга гаруй иргэд үйлчлүүлж байна. Энэ нь зөвхөн манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү гэсэн үг. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд дундаж ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд 42 мянган иргэн байна. Иймд манай дүүргийн хувьд өнөөдрийн бодит тооцоо 1067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байна. Энэ тоо цаашид өснө. Үүний нэг жишээ: Нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд орон сууцны 7 хороолол буюу манай дүүргийн 9-12 хороодыг хамарсан бүтээн байгуулалт өрнөж байгаа. Энэ хэсэгт өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30476 иргэн амьдарч байна. Төлөвлөлтийн хугацаа буюу 2030 оны түвшинд энэ тоо 25293 өрхийн 91055 хүн суурьшин амьдрах тооцоо судалгаа байна”. Мөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд “Ковид-19” цар тахлын нөхцөл хүнд байгааг дурдаад, эмнэлэг барих зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг онцолсон юм.

 

Энэхүү эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар бүхий, давхар бүр нь 3000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөсөн бөгөөд туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана. Барилгын ажлыг 2 үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барилгын ажлыг нь товлосон хугацаанд гүйцэтгэж ашиглалтанд орж хүмүүст буян болоосой. Түлэнхтын төв гэж дарга нарын худал амлалтын бай болсон ажил нь хэрэгждэггүй барилга Болормаа гуай Түлэнхийн төвөө ашиглалтанд оруулаач.
2021-08-04
Yag unen.
2021-08-04
Зочин:
Түлэнхийн төвөө бас дуусга
2021-08-04
Yag unen.