Бяцхан охиныг хүчирхийлж хөнөөсөн нь эсэргүүцлийн давлагааг өдөөв
2021-08-05

Энэтхэгийн нийслэл Дели хотод есөн настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн хэрэг гарсны улмаас олон зуун хүн нэгдэн, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгтэй холбоотойгоор дөрвөн эрэгтэйг баривчилсаны дотор индус шашны гэгээнтэн байгаа гэнэ. Хохирогч охины ээж охиноо усанд явуулсан бөгөөд тэнд нь охин руу гэмт этгээдүүд халджээ. Охиноо хайн очиход охины цогцос олдсон бөгөөд бие нь хөхөрч урагдсан, хувцас нь нойтон байсан гэнэ.

 

Охиноо алдсан эмэгтэйн өгүүлснээр, гэмт хэрэгтнүүд цагдаа дуудахгүй байхыг гуйсан гэнэ. Цагдаа ирж, задлан шинжилгээ хийвэл буруутай нь батлагдана хэмээн эмээсэн нь энэ аж. Эхлээд гэмт хэрэгтнүүд түүнд хахууль өгөхийг оролдож, дараа нь сүрдүүлж эхэлжээ. Улмаар ээж нь зөвшөөрөөгүй эсэргүүцсэн ч гэмт хэрэгтнүүд охины цогцосыг шатаасан байна. Гэсэн ч цагдаагийнхан гэр бүлийнхнийх нь мэдүүлэг дээр үндэслэн гэмт хэрэгтнүүдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ.

 

Энэ хэргийн улмаас Дели хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тэд "Энэтхэгийн охин"-д шударга ёсыг тогтоож, буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг шаардаж байгаа аж. Эсэргүүцэгчид Энэтхэгийн эмэгтэйчүүдийг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авах, тэдний аюулгүй байдлын асуудлыг шийдэхийг засгийн газраасаа шаарджээ. 

 

Эсэргүүцэгчид Ерөнхий сайд Нарендра Модигийн зургийг шатаан, гэмт хэргийг шүүмжлэхгүй байгааг нь буруутгажээ. Сүүлийн өдрүүдэд далитуудын тэргүүнүүд эсэргүүцлийн ажиллагаанд оролцон, харин идэвхтэн болон иргэд олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж байгаа аж. 

 

Нийгмийн хамгийн доод давхаргынхны давхар үүрдэг дарамт 

Хүчирхийллийн золиос болж амиа алдсан охин айлын ганц хүүхэд байжээ. Тэдний гэр бүл далитууд буюу Энэтхэгийн хамгийн доод давхаргын ядуу хүмүүсийн нэг аж. Нийт хүн амын 20 орчим хувийг эзлэдэг энэ доод давхаргынхан гуйлга гуйх, дээд давхаргынхныхаа хар бор ажлыг хийн амь зогоодог аж. 

 

Амиа алдсан охины ээж аав нь муслим сүмийн ойролцоо сууж гуйлга гуйн амь зуудаг байжээ. Охины ээж Хинди ВВС агентлагт ярихдаа, гэрээс нь хэдхэн метрийн зайд орших, шарил чандарлах газарруу охиноо ус авахуулахаар явуулсан хэмээсэн байна. 

 

"Охин маань ирэлгүй цаг болсон, би түүнийг хайж очиход газар хэвтсэн, уруул нь хөхөрч, оймс нь цус болсон, гар хөл нь хөхөрч, хувцас нь норсон байсан" хэмээн Хинди ярьжээ. 

 

Хиндигийн өгүүлснээр, гэмт хэрэгтнүүд шарилыг задлан шинжилгээнд оруулахгүйн тулд цагдаа дуудахгүй байхыг зөвлөн, мөнгө өгөх гэж хичээсний дараа ээж нь эсэргүүцэхэд түүнийг сүрдүүлж эхэлжээ. Охины эцгийн өгүүлснээр, тухайн үед тэрбээр дүүргийнхээ 150 хүний хамт шарил чандарлах газар руу очиход охиных нь цогцосыг хэдийнэ шатаасан байсан гэнэ. 

 

Улмаар хүмүүс цагдаа дуудаж, шарил чандарлаж буй галыг унтраасан ч цогцосноос гагцхүү хөлийг нь л гаргаж чаджээ. Тиймээс охин хүчирхийллийн хохирогч болсон эсэхийг тогтоох боломжгүй болсон гэнэ. Гэхдээ л цагдаагийнхан охины ээж аавын мэдүүлэг дээр үндэслэн бүлэглэн хүчирхийлсэн, хүний амь хөнөөсөн, албадан чандарласан гэсэн хэрэг үүсгэжээ.

 

Энэ хэргийг өнгөрсөн онд гарсан, мөн л доод давхаргын далитын охиныг Уттар-Прадешт дээд давхаргын хүмүүс бүлэглэн хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн хэрэгтэй адилтган, хүмүүс ихээхэн жигшин, эсэргүүцэж байна. Тухайн үед хохирогчийн гэр бүл эсэргүүцсэн ч цагдаагийнхан шарилыг албадан чандарласан нь дэлхий дахины зэвүүцлийг хүргэж байлаа.

 

Далитууд Энэтхэгийн кастын шатлалын хамгийн доод давхаргад байх бөгөөд тус улсын хамгийн дарамт, шахалт амсдаг хүмүүсийн нэг юм. Хоёр зуун сая гаруй далитын дийлэнх олонх нь нэн ядуу амьдардаг. Тэднийг хамгаалсан хууль байдаг ч тэд өдөр бүр дээд давхаргынхан болон эрх баригчдын ялгаварлан гадуурхалтад өртсөөр байдаг аж.

 

Тэр дундаа далит эмэгтэйчүүд ядуу зүдүү, хүйсийн ялгаварлал, кастын ялгаварлал гээд давхар дарамтуудыг үүрдэг байна.

 

Энэтхэг улс эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орнуудын нэгд тооцогддог. Өдөр бүр энэ улсад эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн тохиолдол хэдэн арваараа бүртгэгддэгийн дээр ийм тохиолдлуудын ихэнх нь хохирогчийн үхлээр дуусдаг гэнэ. 2012 онд хууль чангарсан ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй хэвээр л байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Xүчин бараг л энэ улсын үндэсний спорт шахуу л болж байгаа юмаа да
2021-08-05