Оросын эрдэмтэд хавдараас сэргийлэх бяслаг бүтээж байна
2021-08-05

ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн эрдэмтэд хорт хавдраас сэргийлэхэд туслах бяслагны жор боловсруулж байгаа талаар Вести агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бяслаг бүтээх явц нь энгийн бяслагнаас төдийлөн ялгарахгүй гэнэ. Гэхдээ "ирээдүйн бүтээгдэхүүн" гэж нэрлэгдсэн энэ бяслагны найрлагад астаксантин, пиперин, ресвератрол, Д3 амин дэм гэсэн биологийн идэвхт бодисууд багтаж байгаа аж. Эдгээр нэмэлтүүд нь урт наслахад төдийгүй хавдартай тэмцэхэд туслах аж. 

 

Тухайлбал, ресвератрол нь цусан дахь чихрийн хэмжээг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг бол Д3 аминдэм нь хүнснээс кальц, фторыг авч шингээхэд нөлөөлдөг аж. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд шинэ төрлийн бяслагнаас өдөрт гурван зүсмийг идэхийг зөвлөжээ. Эрдэмтдийн онцолсноор, аминдэм, ашигт нэмэлт бодисууд нь нунтаг, шахмал хэлбэрээс илүүтэйгээр хүнсний бүтээгдэхүүнд агуулагдсан байвал хүний биед сайн шингэдэг аж. 

 

Бяслагны найрлагад багтсан зарим биологийн идэвхт нэмэлтүүд нь бүтээгдэхүүнд гашуун амт оруулж байгаа тул Уралын холбооны их сургуулийн эрдэмтэд одоо бяслагны амтыг сайжруулах тал дээр ажиллаж байгаа гэнэ. Энэ бүтээгдэхүүн хэзээ худалдаанд гарах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин