ДЭМБ вакцины гурав дахь тун тарихыг хойшлуулахыг уриаллаа
2021-08-05

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины гурав дахь тунг тарих ажлыг есдүгээр сарын сүүл хүртэл хойшлуулах нь зүйтэй гэнэ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ. Түүний өгүүлснээр, нэмэлт тунг хойшлуулах нь улс орон бүрийн хүн амын 10-аас доошгүй хувийг дархлаажуулах шаардлагатай байгаатай холбоотой гэнэ. 

 

"Бүхий л орны эрх баригчид "дельта" штаммаас иргэдээ хамгаалахад санаа нь зовниж байгаа гэдгийг би ойлгож байна. Гэхдээ дэлхийн нийт вакцины нөөцийн ихэнх хэсгийг ашигласан орнууд дахин их хэмжээний вакцин ашиглахыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй" хэмээн Тедрос Гебрейесус мэдэгджээ.

 

ДЭМБ-ын тооцоолсноор, өндөр орлоготой орнуудад тавдугаар сард 100 хүн тутамд 50 орчим тун вакцин тарьж байсан бол тэр үеэс хойш энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

 

Харин бага орлоготой улс орнуудад нэмэлт нийлүүлэлт байхгүйн улмаас 100 хүн тутамд 1,5 тун вакцин л ноогдож байгаа гэнэ. Тиймээс ядуу буурай орнуудад нэн тэргүүн урьдчилан сэргийлэх тарилга нийлүүлэх ёстой гэж ДЭМБ-ын захирал үзжээ. 

 

ДЭМБ-ын Ерөнхий захирлын туслах Брюс Эйлвардын онцолсноор, урьдчилсан судалгаагаар хүн амын тодорхой хэсэгт дархлааг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт тун шаардлагатай гэж байгаа ч нэн тэргүүнд эмнэлгийн ажилтнууд, өндөр настан, архаг хууч өвчинтэй хүмүүсийг л нэмэлт вакцинд хамруулах хэрэгтэй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин