БНХАУ: Дөрвөн өдрийн дотор 11 сая хүнийг шинжилгээнд хамруулжээ
2021-08-09

Хятадад сүүлийн үед коронавирусийн дотоодын халдвар нэмэгдэх болсон тул өвчлөл бүртгэгдсэн муж, хотуудад хөл хорио, хязгаарлалт тогтоож, халдварыг нэн яаралтай хумих үүднээс оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар болсон талаар наймдугаар сарын дөрөвний өдөр Синхуа мэдээлж байв. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Хятадад 15 мужид нийтдээ 300 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 90 тохиолдол нь наймдугаар сарын гуравны өдөр батлагдаж байв. Халдвар авсан хүмүүсийн долоо нь Ухань хотынх бөгөөд энэ хотод хамгийн сүүлд өнгөрсөн оны зургадугаар сард л коронавирусийн тохиолдол бүртгэгдэж байжээ. 

 

Тиймээс, дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар 2019 оны сүүлээр анх  дэгдэж байсан Ухань хотын бүх оршин суугчдыг нэн яаралтай коронавирусийн шинжилгээнд хамруулах шийдвэрийг хотын захиргаа өнгөрсөн долоо хоногт гаргаж байлаа.


Улмаар, наймдугаар сарын наймны өдөр Ухань хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулж дууссан байна. Ингэснээр 11,28 сая хүн коронавирусийн шинжилгээ өгсөн гэж Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Ухань бол БНХАУ-ын хамгийн том, хүн ам хамгийн шигүү хотуудын нэг. Энэ хот оршин суугчийнхаа тоогоор Хятадад зургаад бичигддэг юм. Сүүлийн үеийн мэдээллээр, 11 сая хүн амтай энэ  хотод "Дельта" штамм тархахаас Хятадын эрх баригчид ихээхэн болгоомжилж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин