Олимпын тамирчид ялалтынхаа төлөө ямар шагнал хүртдэг вэ? 
2021-08-10


Олон улсын олимпын хороо медаль хүртсэн тамирчдад шагнал олгодоггүй ч дэлхийн олон орон спортын гол наадмаас шагнал хүртсэн тамирчдадаа ихээхэн шагнал урамшуулал олгодог байна. 

Хэний медаль илүү “үнэтэй” вэ?


Филиппиний хүндийн өргөлтийн тамирчин Токиогийн олимпоор алтан медаль авсан бөгөөд энэ нь тус улсын хувьд анхны алтан медаль юм.Тамирчин бүсгүй Хидилин Диас энэхүү түүхэн амжилтынхаа төлөө Филиппиний спортын комиссоос 33 сая филиппин песо буюу 600 мянга орчим ам долларын шан авах гэнэ. Хэвлэлүүдийн мэдээлснээр, түүнд нутаг нэгтнүүдээс нь хоёр байр, насаараа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичиг амлажээ. 

АНУ 

Токио-2020 олимпын наадамд АНУ-аас 600 гаруй тамирчин оролцож, энэ улсын шигшээ баг медалийн тоогоор тэргүүлсэн юм. 

АНУ-ын Олимпын болон Паралимпийн хороо тамирчныг алтан медаль тус бүрээр нь 37,5 мянган ам.доллар, мөнгөн медалийг 22,5 мянга, хүрэл медалийг 15 мянган ам.доллараар мялаадаг аж. Тамирчны нийт орлого нэг сая ам.доллараас давахгүй бол шагналын мөнгөний ихэнх хэсгээс татвар авдаггүй аж. 

Мөнгөн шагналаас гадна эрүүл мэндийн даатгал, өндөр зэрэглэлийн эмнэлгийн үйлчилгээ авах, коллежд суралцах сургалтын төлбөр гээд бусад дэмжлэгийг ч Америкийн тамирчид авдаг гэнэ. 

Сингапур 
 

Сингапур олимпын алтан медальтнууддаа өгдөг шагналын мөнгө нь АНУ-ынхаас 20 дахин их. Энд Олимпоос алтан медаль хүртсэн тамирчиддаа 737 мянга орчим ам.долларын шагнал олгодог гэнэ. Гэхдээ шагналын мөнгөнөөс татвар суутгаж, мөн шагналын нэг хэсгийг дасгалжуулагчдын зардалд зориулан үндэсний спортын холбоодод өгдөг аж. 


Тажикистан 


Энэ онд Тажикистан улс ямар нэг тусгайлсан шагнал аваагүй гэхдээ Ерөнхийлөгчийн тэтгэмж авна гэж тус улсын Олимпын хороо мэдээлж байлаа. 


“Олимпын аварга болсон тамирчин 300 мянган сомони (shuud.mn: монгол мөнгөөр 68,2 сая төгрөг), мөнгөн медальтан 250 мянга (shuud.mn: монгол мөнгөөр 56,8 сая төгрөг), хүрэл медальтан 200 мянган сомони (shuud.mn: монгол мөнгөөр 45,5 сая төгрөг) шагнал хүртэнэ. Шагнал үүгээр дуусахгүй, ивээн тэтгэгч компаниуд болон орон нутгийн эрх баригчид тамирчдыг урамшуулах боломжтой” гэж Тажикистаны олимпын хороо мэдэгдэж байлаа. 


Харамсалтай нь энэ урамшууллыг авах нэг ч тамирчин гарсангүй. Тажикистан улс нэг ч медаль авч чадалгүй олимпыг өндөрлүүлсэн юм. 

ОХУ

ОХУ 2016 оны Риогийн олимпод оролцсон тамирчдадаа өгсөн автомашинууд

Токио-2020 олимпоос алтан медаль авчирсан Оросын тамирчин 4 сая рублийн (shuud.mn: монгол мөнгөөр 142.9 сая төгрөг)мөнгөн шагнал авах бол мөнгөн медальтан 2,5 сая (shuud.mn: монгол мөнгөөр 89,3 сая төгрөг), хүрэл медальтан 1,7 сая рубль (shuud.mn: монгол мөнгөөр 60,7 сая төгрөг)-ийн шагнал авах аж. 


Түүнчлэн Олимпын тамирчдыг дэмжих хувийн сангаас олимпын бүхий л шагналтнууд автомашин гардан авна. Засгийн газрын шагналаас гадна орон нутгийн эрх баригчид ч тамирчдыг шагнах гэнэ. 


Казахстан, Узбекистаны амлалт 


Алтан медальдаа хамгийн өндөр шагнал амалсан орнуудын нэг нь Казахстан улс юм. Энэ улс олимпын аварга болсон тамирчинд 250 мянган ам.долларын шагнал амалжээ. Гэвч Токио-2020 олимпын наадмаар тус улс алтан медаль авч чадаагүй, найман хүрэл медальтайгаар олимпыг өндөрлүүлсэн юм. 


Мөн ийм хэмжээний шагналыг Азербайжан, Латви амалжээ. Гэсэн ч Азербайжан алтан медальтай болж чадсангүй, гэхдээ гурван мөнгө, дөрвөн хүрэл гээд нийт долоон медальтайгаар олимпыг дуусгасан.


Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев олимпын аваргуудад 200 мянган ам.доллар амалсан бол Молдов 166 мянган ам.доллар, Беларусь 150 мянга, Кыргыз 143 мянга, Украин, Эстони 125 мянга, Литва 118 мянга, Гүрж 72 мянган ам.долларын шагнал амалжээ. 


Литвад олимпын аваргад мөнгөн шагналын өгөхийн зэрэгцээ олимпоос медаль авсан тамирчдад эзлэсэн байраас нь хамаарч BMW маркийн шинэ загварын автомашинууд бэлэглэх гэнэ. Энэ улс олимпын наадамд найм хүртэлх байр эзлэсэн бүх тамирчдаа урамшуулдаг аж. Латви, Эстони, Гүрж улсад ч ийм жишиг байдаг гэнэ. 

 

Бусад орнууд 

Олимпын аваргадаа бага мөнгөн урамшуулал өгдөг улс орнуудын тоонд Хятад улс багтана. Энэ улсын тамирчин Олимпын алтан медаль хүртсэн тохиололд 37,5 мянган ам.долларын урамшуулал авдаг аж. 
Австрийн тамирчид олимпын аварга болвол 35 мянга орчим евро, Данид 13 мянган еврогийн шагнал авдаг гэнэ. Дани улсад мөнгөн медаль хүртсэн тамирчин 9,5 мянган евро, хүрэл медальтан 4,2 мянган еврогийн урамшуулал авдаг юм байна. 


Өмнөд Африкийн БНУ, Австрали, Шинэ, Зеланд болон бусад улсад олимпын тамирчид дурсгалын шагнал, автомашин авдаг бол хамгийн сонирхолтой шагнал Энэтхэгт бий. Энэ улсад олимпоос медаль авсан тамирчдыг дасгалжуулагчийн албан тушаалд ажилд авахаар амалдаг гэнэ. Гэхдээ энэ жил Энэтхэг улс аваргууддаа 100 мянган ам.доллар амалжээ.


Герман улс Олимпын алтан медальтнуудад 22 мянга, Канад 15 мянган ам.доллар олгодог бол Африк, Төв Америкийн зарим орнуудад тамирчдад зориулсан ёслол зохион байгуулж, тэднийг үндэсний баатрууд хэмээн зарладаг аж. Тэдэнд газар өгч, дурсгалын бэлэг гардуулдаг байна. 


Харин Нигери, Сенегалд Засгийн газар нь амжилт гаргасан тамирчдадаа үхэр өгдөг гэнэ. 



“Харамч” улсууд


Их Британи, Швед, Хорват, Норвеги болон өөр хэд хэдэн улсад засгийн газар нь олимпын тамирчдадаа ямар ч шагнал өгдөггүй гэнэ. Шагнал тамирчин болон дасгалжуулагчдын ивээн тэтгэх гэрээнээс хамаардаг аж. 


Их Британид Олимпын медаль хүртсэн тамирчдад Засгийн газар нь баяр хүргээд, Олимпын аваргын төрхийг марк дээр хэвлээд л болчихдог гэнэ. Мөнгө, эд материалаар урамшуулах нь тамирчдын сэдэлд төдийлөн нөлөөлдөггүй гэж энэ улсад үздэг аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин