Ойн түймэрт холбоотой 10 гаруй хүнийг баривчилжээ

Сүүлийн өдрүүдэд Грекийн 586 түймэр гарсан гэж тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотаки мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ойг галдан шатаасан хэрэгт холбоотой 10 гаруй хүнийг баривчилсан байна.
Мицотаки ард түмэндээ хандсан мэдэгдэлдээ Грекийн түймэр "асар өргөн цар хүрээг хамарсан" бөгөөд бүгчим халуун, ган гачгийн улмаас түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа гэнэ. Грекийн 141 бүсэд гарсан гал түймрийн улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх 62 удаагийн арга хэмжээ зохион байгуулжээ.
Грекийн ерөнхий сайд түймэр унтраахад тусалсан бүхий л орнуудад талархал илэрхийлсний дээр эрх баригчдын гаргасан алдааны төлөө ард иргэдээсээ уучлалт гуйсан байна.
"Шатсан байшин, өмч хөрөнгөө харсан иргэдийнхээ зовлонг би бүрэн ойлгож байна. Орон гэрээ орхихоос аргагүй болсон, тусламж хүлээж гонсойж бухимдсан хүмүүсийг ч ойлгож байна" хэмээн Грекийн Ерөнхий сайд мэдэгджээ.
Грект гарсан гал түймэртэй холбоотойгоор тус улсын галын албаны мөрдөгчид 10 гаруй хүнийг баривчилсан байна. Тэдний зарим нь зориудаар гал тавьсан бол зарим нь санамсар болгоомжгүйгээс гал алджээ. Грект ассан гал түймэр хэт халуун цаг агаараас болж үүссэн ч зарим газар ийнхүү хүний үйлдэлтэй холбоотой түймрийн голомт үүссэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ