Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив
2021-08-16

Афганистанаас НАТО-ийн цэргүүд гарснаас хойш тус бүс нутагт засгийн газрын цэргүүд болон талибуудын хооронд ширүүн тулалдаан өрнөж, талибууд ихээхэн газар нутгийг эзэлсэн юм. Улмаар ням гарагт Талибан хөдөлгөөний дайчид Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авчээ. 

 

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо явсан гэж ням гарагт Афганистаны Толо Ньюс телевиз мэдээлсэн байна. Энэ мэдээллийг тус улсын Үндэсний эвлэрлийн зөвлөлийн дарга Абдулла ч баталжээ. 

 

"Тэр хүнд үед Афганистаныг орхин явсан, үүнийхээ төлөө бурхны өмнө шийтгэл хүлээг" хэмээн Абдулла мэдэгдсэн байна. Түүнчлэн Гани огцорч байгаа талаараа зарлаагүй ч Абдулла түүнийг "ерөнхийлөгч асан" хэмээн нэрлэсэн байна. 

 

Тажикийн "Азия-плюс" агентлагийн мэдээлснээр, Гани Ерөнхийлөгчийн захиргааны дарга Фазла Махмуд болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх Хамдулла Мухибын хамт Тажикистаныг зорьжээ. Эндээсээ тэрбээр гуравдагч орон руу ниснэ гэж Афганистаны Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд гэхдээ чухам ямар орныг зорих нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Ийнхүү Ерөнхийлөгч нь эх орноо орхин явсан хойгуур тус улсад шилжилтийн засгийн газарт эрх мэдлийг шилжүүлэх ажлыг "тайван замаар" явуулахаар болсон гэнэ. Энэ талаар Афганистаны Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Абдул-Сатари Мирзакваль мэдэгджээ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, талибууд Кабулыг цэргийн хүчээр хяналтдаа авахгүй, одоогоор засгийн эрх мэдлийг шилжүүлэх хэлэлцээ үргэлжилж байгаа гэнэ. Үүнээс өмнө талибууд тус улсын бүхий л том хотыг эзлэн авсан юм. 

 

Талибууд нийслэлд 


“Талибан” бүлэглэлийн дайчид наймдугаар сарын 15-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хот руу нэвтэрчээ. Афганистаны Дотоод хэргийн яамны мэдээлснээр, талибууд нийслэлийн бүхий л талаас довтлон орсон байна. Улмаар Талибан Афганистаны бүхий л нутаг дэвсгэрийг хяналтдаа оруулсан, харин Кабул дахь тулаан дууссан гэж талибууд наймдугаар сарын 15-ны 13 цагт зарлажээ. 


Ийнхүү зарласныхаа дараа талибуудын төлөөлөгчид эрх мэдлийг “энхийн зам”-аар шимлжүүлэх нөхцлийг хэлэлцэхээр Кабул дахь Ерөнхийлөгчийн ордонд очсон гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлсэн байна. 


ВВС агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын 15-ны өдөр Кабулын гудамжинд эмх замбараагүй байдал, үймээн бужигнаан ноёлж, оршин суугчдын зарим хэсэг нь хотыг орхихыг оролдож байсан бол төрийн байгууллагуудын ажилтнууд ажлаасаа зугтжээ. Захиргааны байгууллагууд, цагдаагийн хэсгүүд, армийн удирдлага бүгд хаагдан, дэлгүүр, худалдааны төвүүд ч үйл ажиллагаагаа зогсоосон байна.


АНУ дипломатуудаа нүүлгэн шилжүүлэв 

АНУ ням гарагт Афганистанаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Кабулын нисэх буудал болон Элчин сайдын яамаа хамгаалах үүднээс АНУ Афганистан руу нэмэлт цэргийн алба хаагчдыг илгээсэн байна. 


Харин ОХУ Кабул дахь ЭСЯ-ны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөгүй, учир нь талибууд Оросын дипломатуудын аюулгүй байдлыг хангана гэж амалсан хэмээн Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ. Мөн бусад улс орнуудын дипломат төлөөлөгчийн газруудад ч хор учруулахгүй гэдгээ талибууд онцолсон гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч онцолсон байна. 


Албани дүрвэгчдийг хүлээн авна 

Эрх мэдлийг талибууд булаан авсан нөхцөлд эх орноосоо дүрвэж буй афганчуудыг Албани улс түр хугацаанд хүлээн авахыг зөвшөөрсөн байна. 

Наймдугаар сарын 15-ны өдөр Албанийн Ерөнхий сайд Эди Рама фейсбүүк хуудсандаа бичихдээ, АНУ Албаинтай зөвлөлдөж, АНУ-г зорих Афганы дүрвэгчдийг нутаг дэвсгэрээрээ дамжин өнгөрүүлэх талаар хэлэлцсэн гэж онцолжээ. 


Түүнчлэн Косовотой АНУ дээрх төрлийн хэлэлцээ хийсэн бөгөөд долдугаар сарын дунд үеэс эхлэн Афганы дүрвэгчдийг байршуулах талаар АНУ-тай зөвшилцсөн гэж Косовогийн Ерөнхий сайд Луан Далипи мэдэгдэж байв. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Окий:
Манайхан сайн л бнадаа
2021-08-17
Ага:
Аймаар юмаа. Афгааныг дахиад хоцрогдол бүдүүлгийн харанхуй утаа нөмөрлөө. Үйлийн үр;)
2021-08-17
Oросын тролл оо:
үхэн хатан өмөөрөөд байдаг Oросууд чинь бас Aфган орноор муугүй л тоглосон шүү..Cоц -змын үед Oросууд 10 жил цэргээ байрлуулахдаа 15 000 цэргээ алуулж 35 000 цэргээ шархдуулан 400 цэргээ хулгайлуулж эцэстээ 1989 онд Aфганаас гарахдаа өөрсдийн дуулгавартай заоц байсан ерөнхийлөшч Hажибуллаг зүгээр л можихадуудад хаяад өгцөн..
2021-08-16
Зочин:
Хогийн Америк цагаа тулахаар буурай ард түмнээр яаж тоглодгыг харуулж байна даа. Америк дагасан манай олигархууд бас эдний ерөнхийлөгч шиг зугатана даа
2021-08-16
Oросын тролл оо:
үхэн хатан өмөөрөөд байдаг Oросууд чинь бас Aфган орноор муугүй л тоглосон шүү..Cоц -змын үед Oросууд 10 жил цэргээ байрлуулахдаа 15 000 цэргээ алуулж 35 000 цэргээ шархдуулан 400 цэргээ хулгайлуулж эцэстээ 1989 онд Aфганаас гарахдаа өөрсдийн дуулгавартай заоц байсан ерөнхийлөшч Hажибуллаг зүгээр л можихадуудад хаяад өгцөн..