Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ

Хойд Солонгос сүрдүүлж байгаа ч Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтарсан цэргийн сургуулилалтаа наймдугаар сарын 16-ны өдөр эхлүүллээ. Өмнөд Солонгосын командлалын мэдээлснээр, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг есөн өдрийн сургуулилалт энэ жил цомхон хүрээнд болж өнгөрөх гэнэ.
Тодруулбал, коронавирусийн цар тахлын улмаас хээрийн сургуулилалт болохгүй гэхдээ"Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход дэмжлэг үзүүлэх" зорилготойгоор зохион байгуулагдах аж. Өмнөд Солонгосын талын мэдээлснээр, энэ удаагийн сургуулилалт нь компьютер ашигласан орон зайд төвлөрөх бөгөөд гагцхүү тухайн төхөөрөмжийг ашиглахад шаардлагатай мэргэжилтэн л оролцох юм байна.
АНУ Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилалтыг БНАСАУ руу халдахад бэлтгэх зорилгоор ашигладаг гэж Хойд Солонгос байнга буруутгадаг юм. Харин Вашингтон болон Сөүл үүнийг няцаадаг. Саяхан БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль АНУ-тай хамтрах цэргийн сургуулилалтын улмаас "аюулгүй байдлын салбарт нь ноцтой хямрал нүүрлэнэ " хэмээн Өмнөд Солонгосыг сүрдүүлж байлаа. Үүнээс өмнө, Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Йо Чен хүчтэй цохилт өгөх нөөц боломжоо нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ