Спутник Лайт, Пфайзер вакциныг хослуулвал Дельта хувилбарын эсрэг үр дүнтэй

Оросын "Спутник Лайт" вакциныг Пфайзер вакцины хоёр тун тариулсан хүмүүст гурав дахь тун болгон таривал "дельта" хэмээн нэрлэгдсэн, коронавирусийн "энэтхэг" хувилбараас хамгаалах дархлааг нэмэгдүүлэх гэнэ. Энэ талаар ОХУ-ын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн захирал Александр Гинцбург мэдэгджээ.
Өмнө нь, долдугаар сард Пфайзер компани мэдэгдэл гаргахдаа вакциных нь гурав дахь тунг тариулах шаардлагатай хэмээн онцолж байлаа. Үүний дараа Оросын шууд хөрөнгө оруулалтын сан вакцины үр дүнг дээшлүүлэх зорилгоор хийх гурав дахь тун болгон "Спутник Лайт" вакциныг тарих тал дээр хамтарсан судалгаа эхлүүлэх саналыг Пфайзер компанид тавьсан юм.
Александр Гинцбургийн өгүүлснээр, дельта хувилбарын эсрэг Пфайзер вакцин ямар үр дүнтэй нь одоогоор тодорхойгүй, ойролцоогоор 40 хувь гэж тооцоолж байгаа бөгөөд харин Оросын Спутник Лайт вакцинтай хавсарвал илүү их эсрэг биет үүсэн, дархлаа тогтоох боломжтой гэнэ.
Энд дуулгахад, Оросын Эрүүл мэндийн яам "Спутник Лайт" болон АстраЗенека вакциныг хослуулан эмнэлзүйн туршилт явуулахыг зөвшөөрсөн юм. Туршилтад 150 сайн дурын хүн оролцох бөгөөд 2022 оны гуравдугаар сарын хоёрны өдөр судалгааг дуусгахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ