COVID-19: АНУ гурав дахь тунг албан журмаар тарина
2021-08-17

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт, гурав дахь тунг албан журмаар тарих талаар Цагаан ордон зарлахаар зэхэж байгаа гэнэ. Энэ талаар албаны этгээдүүдээс авсан эх сурвалжтайгаар Нью-Йорк Пост сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр,Пфайзер болон Модерна компанийн вакцин тариулсан хүмүүст дельта хувилбараас хамгаалахын тулд гурав дахь тунг тарих бөгөөд вакцины хоёр дахь тунг тариулснаас найман сарын дараа нэмэлт тунг тарих гэнэ. Ингэснээр есдүгээр сарын дунд үеэс гурав дахь тун тарих ажлыг эхлүүлнэ гэж Нью-Йорк Пост сонин мэдээлсэн байна. Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон ахмадын асрах байрныханд нэмэлт тунг тарихаар төлөвлөж байгаа аж. 

 

Ийнхүү нэмэлт тун тарихаар болсон нь АНУ-д дельта хувилбар хурдацтай тархаж байгаатай холбоотой юм байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, сүүлийн үед шинээр илэрч буй халдварын 83 хувийг дельта хувилбар эзэлж байгаа гэнэ.  АНУ коронавирусийн халдвар болон нас баралтаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа юм. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш 36,7 сая хүн халдвар авч, 621 мянган хүн халдварын улмаас нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин