ВИДЕО: Нисгэгчид осолдохоосоо өмнө онгоцоо орон сууцнуудаас холдуулжээ
Наймдугаар сарын 17-нд Оросын цэргийн Ил-112В онгоц туршин нислэгийн үеэр Москва орчимд сүйрчээ. Регнум агентлагийн мэдээлснээр Жуковский дахь Кубинка нисэх буудлаас хөөрч нислэг үйлдэх үеэр онгоц осолдсоны шалтгааныг тодруулахаар комисс томилогдон ажиллаж байгаа гэнэ. Урьдчилсан таамаглалаар, Ил-112 В онгоцны хөдөлгүүр ажиллагаагүй болсон гэх бөгөөд хэвлэлүүдээр тархсан дүрс бичлэгт онгоц унах үед нэг хөдөлгүүр нь шатаж байгаа нь дүрслэгджээ.
Ил-112В онгоцны нисгэгчид онгоцоо аврахыг хичээхийн дээр орон сууцны барилгуудаас холдуулсан гэнэ. Энэ талаар аврах албанаас авсан эх сурвалжтайгаар Регнум агентлаг мэдээлжээ.
Ослын улмаас экипажийн гурван гишүүнээс хэн нь ч амьд гараагүй байна.
Онгоцны сүйрлээр Оросын баатар туршин нисгэгч Николай Куимов, нэгдүгээр зэрэглэлийн туршин нисгэгч Дмитрий Комаров, нэгдүгээр зэрэглэлийн туршигч-хөлгийн инженер Николай Хлудеев нар амиа алджээ.
Nl-112В нь Оросын шинэ үеийн хөнгөн тээврийн онгоц юм. Энэ онгоцыг Воронежийн нисэх онгоцны үйлдвэрт үйлдвэрлэж байгаа бөгөөд онгоц хөөрөх буух зурвасын төрөл бүрийн бүрхүүлтэй бага, тоноглолт багатай нисэх буудалд газардах боломжтой гэнэ. Ил-112В онгоцыг цэргийн тээвэр болон арилжааны нислэгт ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Сүйрсэн онгоц нь нислэгийн цорын ганц загвар байсан бөгөөд өөр нэг онгоц бат бөхийг шалгах туршилтын шатанд яваа бол өөр хоёр онгоц үйлдвэрлэлийн шатанд байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ