Олон сая доллартай зугтсан Гани Афганистан руу буцахаа амлав
2021-08-19

АНУ-ын цэргүүд Афганистанаас гарснаас хойш босогчид газар нутгийн төлөөх тулаанаа эхлүүлж, улмаар наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд "Талибан" хөдөлгөөний дайчид Кабул хотыг эзэлснээр Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсан юм. Ийнхүү талибууд нийслэлд тулж ирсэн өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхнийхээ хамт эх орноосоо дүрвэсэн бөгөөд явах болсон шалтгаанаа "цус урсгахаас зайлсхийсэн" хэмээн дараа нь тайлбарлаж байлаа. 

 

Түүнийг эх орноосоо дүрвэсний дараа Узбек, Тажикд байгаа гэх мэтээр олон янзын таамаглал гарч байв. Харин Ашраф Гани одоо Арабын Нэгдсэн Эмират улсад байгаа бөгөөд эх орноосоо явах болсон шалтгаан, тухайн өдрийн нөхцөл байдлын талаар дүрс бичлэгээр мэдэгдэл хийснээ Фейсбүүк хуудсандаа нийтэлжээ. 

 

Ганигийн өгүүлснээр, наймдугаар сарын 15-ны ням гарагт тэрбээр ердийн хуваариар ажиллаж, Кабул дахь нөхцөл байдлыг үнэлэхээр Батлан хамгаалахын яам руу зорьсон гэнэ. Харин үд дунд, томоохон үгсэн хуйвалдаан, халдлага төлөвлөгдөж байгаа талаар бие хамгаалагчид нь түүнд дуулгаж, улмаар Гани эх орноосоо дүрвэжээ. 

 

Дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ Гани Арабын Нэгдсэн Эмират улсад байгаагаа батлаад ойрын ирээдүйд эх оронруугаа буцна хэмээн амалжээ. Түүнчлэн өөрийг нь их хэмжээний мөнгө аван улсаасаа дүрвэсэн гэх мэдээллийг няцаасан байна.

 

Ашраф Ганиг эх орноосоо дүрвэсний дараа түүнийг их хэмжээний бэлэн мөнгө авч явахаар завдсан гэсэн мэдээлэл гарсан юм. Тажикистан дахь Афганистаны элчин сайд Мухаммад Зохир Агбар 169 сая доллар байсан хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин