"Дельта" хувилбарын тархалт нэмэгдэж, гуравдугаар тунгийн вакцинжуулалт эхэллээ

img

 

Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсэн. Тодруулбал, өдөрт бүртгэгдэх орон нутгийн тохиолдол нийслэлээс давсан. Өчигдөр шинээр  1582 тохиолдол бүртгэгдсэн. Ингэхдээ 452 нь Улаанбаатарт, 1130 нь орон нутагт байна. Мөн хугацаанд халдварын улмаас таван хүн нас баржээ. Мөн коронавирус халдварын “Дельта” хувилбар манай улсад эрчимтэй тархаж байна. Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Монгол Улсад тархаж байгаа хувилбар буюу мутаци тандалтыг тогтмол хийж байгаа. Тандалтын үр дүнгээс харахад өнгөрсөн долоо хоногт илэрч байгаа нийт сорьцын 10 хувьд нь “Дельта” хувилбар илэрч байгааг мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод илэрч байгаа тохиолдлуудын 30 хувьд нь “Дельта” хувилбар илэрч байгаа. Орон нутагт,

 

  • Баян-Өлгий аймагт  80 хувь

  • Ховд аймагт 55 хувь

  • Говьсүмбэр аймагт 43 хувь 

  • Өвөрхангай аймагт 10 хувь

  • Завхан аймагт 70 хувь 

  • Хэнтий аймагт 35  хувьд “Дельта” хувилбар илэрч байгаа.

 

НЭМҮТ-өөс нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 190 сорьцод судалгаа хийхэд,

 

  • “Дельта” хувилбар 30 хувь,

  • Гамма хувилбар 2

  • Альфа хувилбар 57 илэрсэн.Үүнээс харахад манай улсад “Дельта” хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.

 

Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд судалгаагаар есдүгээр сарын дунд үед өвчлөл эрс нэмэгдэх эрсдэлтэй байна” гэж мэдээллээ. Мөн орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон шалтгааныг аялал зугаалга, найр хурим, даншиг наадам болсонтой холбон тайлбарласан юм.

 

Манай улсад дархлаажуулалтын ажил хоёрдугаар сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 68.2 хувь, хоёрдугаар тунд 62.2 хувь нь хамрагдаад байна. Вакцинжуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа ч сүргийн дархлаа тогтоогүй, мутацилагдсан хувилбар тархсаар байгаа.

 

Сар хүрэхгүй хугацааны дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Ингэхдээ тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэнэ. Хэрэв вакцинжуулалтыг илүүтэй эрчимжүүлж, “Дельта” хувилбарын тархалтыг хязгаарлахгүй бол нөхцөл байдал бидний төсөөлөөгүй хэмжээнд хүрч муудна. Тиймээс вакцинжуулалтыг эрчимжүүлэх болон гуравдугаар тунг хийх талаар ЗГ, ЭМЯ-наас бодлого хэрэгжүүлж эхлүүллээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 200 хоногийн хүрээнд телевизэд ярилцлага өгчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Вакцинжуулалтыг цаашдаа үнэтэй болгоно. Засгийн газар ямар их хэмжээний хэлэлцээ, санхүүжилтээр татаж байгааг зарим иргэд мэдэхгүй байна. Тиймээс ирэх оноос вакцины үйлчилгээг төлбөртэй болгоно. Учир нь вакцин хийлгээгүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд эрсдэл учруулна. " гэдгийг онцолсон байна.

 

Манай улсад вакцины гуравдугаар тунг хийж эхэллээ. Энэ талаар “Эрдэмтдийн судалгаагаар АстраЗенека вакцины нэг болон хоёр дахь тунг хийлгэснээс хойш тогтсон эсрэг биетийн түвшин  гурван сарын дараа буурдаг. Харин гурав дахь тунг хийхэд эсрэг биетийн түвшин өмнөхөөсөө 2-3 дахин нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдыг өөрсдийнх нь сонголтоор буюу сайн дурын үндсэн дээр гурав дахь тунд хамруулж байгаа. Мөн хариу арга хэмжээнд ажиллаж байгаа ажилтнууд АстраЗенека вакцины гурав дахь тунг өөрөө хүсвэл хийлгэж болно. Гэхдээ вакцины хоёр дахь тун хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүс гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй" гэж ЭМЯ-наас мэдээлсэн. 

 

Манай улсад коронавирус халдварын "Дельта" хувилбар эрчимтэй тархаж, нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хариуцлагатай байцгаая. 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Голланд маскгүй, вакциндуулахгүй,сайн дураараа вак хийлгэж болно,хэнээс ч вакциндуулсан эсэхийг асуухгүй, хэнийг ч шинжилгээнд албадахгүй чөлөөтэй хэвийн сайхан байцгааж бна. Герман улс нэг хоёрдугаар тун ч хийлгэсэн хүмүүс цөөхөн, өчнөөн олон сая тун вакцин өнгөрөгч 7 хоногт хаяж бгаагаа мэдээллээ. Манайхан л бүр өвчтэй юм шиг вакцинд хошуурч бна. Яацгаах гээд бдаг юм, бүү мэд.
2021-08-21
Вакцинаа хийлгэж л явсан дээр.энд тэндхийн улс орон дуурайх гэж байж хөгөө чирэв
2021-08-21
ДАНИ УЛС: - МАСКДАХГҮЙ - ВАКЦИНДАХГҮЙ - ХӨЛ ХОРИХГҮЙ, - ПСР ТЕСТ АВАХГҮЙ, - ВАКДУУЛСАН, ВАКДУУЛААГҮЙ ЭСЭХИЙГ ШАЛГАХГҮЙ УЛС БОЛЧИХЛОО!!! МАНАЙХ Ч ХАМГИЙН СҮҮЛД НЭГ ЮМ УХААРАХ БАЙХ ДӨӨ. . . ҮНЭН ХОЦРОГДСОН, ҮНЭН ХАРАНХУЙ, ҮНЭН ЯДМАГ, ҮНЭН БОЛОВСРОЛГҮЙ МЭДЛЭГГҮЙ УЛС. . . ДЭЭР НЬ НЭМЭЭД МАШ МУНХАГ, ХЭНЭГГҮЙ. . . АРД ХҮНИЙ ҮГИЙГ СОНСДОГГҮЙ, ӨӨРСДӨӨ БОЛОХООР МЭДЭЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ
2021-08-19
Вакцинаа хийлгэж л явсан дээр.энд тэндхийн улс орон дуурайх гэж байж хөгөө чирэв
ДАНИ УЛС: - МАСКДАХГҮЙ - ВАКЦИНДАХГҮЙ - ХӨЛ ХОРИХГҮЙ, - ПСР ТЕСТ АВАХГҮЙ, - ВАКДУУЛСАН, ВАКДУУЛААГҮЙ ЭСЭХИЙГ ШАЛГАХГҮЙ УЛС БОЛЧИХЛОО!!! МАНАЙХ Ч ХАМГИЙН СҮҮЛД НЭГ ЮМ УХААРАХ БАЙХ ДӨӨӨӨӨӨӨ.....ҮНЭН ХОЦРОГДСОН, ҮНЭН ХАРАНХУЙ, ҮНЭН ЯДМАГ, ҮНЭН БОЛОВСРОЛГҮЙ, МЭДЛЭГГҮЙ УЛС....ДЭЭР НЬ НЭМЭЭД МАШ МУНХАГ, ХЭНЭГГҮЙ...АРД ХҮНИЙ ҮГИЙГ СОНСДОГГҮЙ, ӨӨРСДӨӨ БОЛОХООР МЭДЭЖ БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ...
2021-08-19