Япон онц байдлын дэглэмээ сунгаж, машины уралдааныг цуцлав
2021-08-19

Сүүлийн үед коронавирусийн халдварын тоо улам нэмэгдэх болсон тул Японы Засгийн газар Токио хотын онц байдлын дэглэмийг есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сунгахаар болжээ. Түүнчлэн бусад хэд хэдэн мужид үйлчилж буй хязгаарлалтын арга хэмжээг өргөжүүлэхээр болсон гэж Японы Засгийн газар мэдэгдсэн байна. 

 

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа тул Японд зохион байгуулагдах байсан "Формула-1"-ийн Гран-при цуцлагджээ. Удаан хэлэлцсэний эцэст энэ улиралд уралдааныг цуцлах шийдвэр гаргасан гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна. Өнгөрсөн жил энэ уралдаан мөн л коронавирусийн улмаас цуцлагдаж байсан юм. Энэ жил Гран-при10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах байсан ч вирусийн халдвар нэмэгдэж байгаа тул ийнхүү цуцлагдсан байна. 

 

Японд коронавирусийн халдварын тархалттай тэмцэх салбарт хямрал нүүрлэсэн гэж тус улсын Ерөнхий сайд Ёсихидэ Суга наймдугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр мужуудад шинэ тохиолдлуудын тоо нэмэгдэж, халдварын тархалт урьд өмнөхөөс хурдацтай байгаа гэнэ.Хэдийгээр халдвар нэмэгдэж байгаа ч хатуу хөл хорио тавихгүй гэж Суга онцлоод, коронавирустэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт гэдгийг цохон тэмдэглэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин