МҮОХ: Саид Моллаейг буцахаас өмнө ОУОХ-ноос батламж, тэмдэг нь ирээгүй байсан


Монгол Улсын тамирчин Саид Моллаей “ Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр, нэгэн хэвлэл өгсөн ярилцлагадаа Засгийн газар болон Монголын Үндэсний Олимпын хорооноос албан ёсны ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Энэ талаар Монголын Үндэсний олимпийн хорооноос тодруулахад “ МҮОХ-ны удирдлага олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа хүндэтгэл үзүүлж хүлээн авсан. Саид Моллаейг буцахаас өмнө ОУОХ-ноос батламж, тэмдэг нь ирээгүй байсан юм. Тамирчдадаа нэгдсэн байдлаар батламж, тэмдгийг нь гардуулж өгнө” гэлээ.
Мөн Олимпоос медаль авсан тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлдэг. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас энэ талаар тодруулахад “Одоогоор олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүүлэх тов гараагүй байна. Тамирчдыг хүлээж авах талаар ямар нэгэн хугацаа заасан журам байдаггүй” гэв.
Энд дуулгахад, Засгийн газрын хуралдаанаар Токио-2020 зуны олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тодруулбал, Саид Моллаейг 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгоно. Мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахыг холбогдох албаны хүмүүст даалгасан.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ