Афганистан: Талибууд шинэ засагт эмэгтэйчүүдийг урина гэв
2021-08-19

"Талибан" хөдөлгөөн АНУ-ын цэргүүдийг гарснаас хойш засгийн газрын цэргүүдтэй тулалдан, стратегийн гол цэгүүдийг асар богино хугацаанд эзлэн явсаар наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд Афганистаны нийслэл Кабул хотод тулан ирж, энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Гани ойрын хүрээллийнхний хамт эх орноосоо дүрвэсэн юм.

 

Талибууд Афганистанд ийнхүү бүрэн хяналтаа тогтоож, дайн дууссан хэмээн зарласны дээр засгийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн авна хэмээн мэдэгдэж байлаа. Тэд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтах саналыг өмнөх захиргааны зарим гишүүдэд санал болгох гэнэ. Энэ талаар сон Талибан хөдөлгөөнөөс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Түүнчлэн тэд эмэгтэйчүүдийг ч шинэ захиргааны ажилд оролцохыг урих гэнэ. 

 

Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны өмнөх удирдлагуудтай зөвлөгөөн хийж байгаа юм. Зөвлөлдөх хэсэгт Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай багтаж байгаа аж. Харин эх орноосоо дүрвэсэн  Ерөнхийлөгч Гани өдгөө Арабын Нэгдсэн Эмират Улсад байгаа бөгөөд түүний орыг залган, өөрийгөө хууль ёсны тэргүүн хэмээн нэрлэсэн Афганистаны дэд ерөнхийлөгч "талибуудад бууж өгөхгүй" хэмээн мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин