Италид гурав дахь тун тарихаар бэлдэж байна
2021-08-20

Италид 2021 оны 10 дугаар сард коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тарилгын гурав дахь тунг тарьж эхлэхээр болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Эхний ээлжинд, эрүүл мэнд нь эрсдэлтэй ангилалд багтах хүмүүст вакцины гурав дахь тунг тарих юм байна. Италид цар тахал дэгдсэнээс хойш 129 мянга гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан бөгөөд одоогийн байдлаар халдварын нийт тохиолдол 4,4 саяыг давсан бол нэг болон хоёрдугаар тундаа 34,8 сая хүн хамрагдсан нь Италийн хүн амын 57,87 хувийг эзлэж байгаа аж. 

 

Италид анх 2021 оны нэгдүгээр сараас эмнэлгийн ажилтан, ахмад настнууд, ахмадын асрах газрын ажилтнуудыг дархлаажуулж эхэлсэн юм. Энэ улсад бүх нийтийг дархлаажуулах ажил сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд Италийн эрх баригчид иргэдээ вакцинд хамрагдахыг уриалсаар байна. Итали зургадугаар сараас эхлэн 12 -оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн. Улмаар 2021 оны намар гэхэд хүн амынхаа 80 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин