ВИДЕО: Мексикийн буланд газрын тос олборлох тавцан дээр дэлбэрэлт болжээ
2021-08-23

Мексикийн булан дахь Pemex компанийн газрын тос олборлох тавцан дээр бямба гарагт дэлбэрэлт болж, гал гарсан талаар Codigo Veracruz мэдээлжээ.

 

"Кемпече газрын тосны бүсэд Ку-Альфа тавцан дээр дэлбэрэлт гарсан талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, газрын тосны бусад объектууд руу газрын тос, хий хуваарилдаг төвд дэлбэрэлт болжээ" хэмээн Codigo Veracruz мэдээлсэн байна. Энэ ослын улмаас зургаан хүн бэртэж гэмтсэн талаар РИА Новости мэдээлжээ.

 

Мексикийн газрын тос хий, газрын тос химийн улсын компани болох Pemex Мексикийн буланд болсон энэ хэргийн талаар албан мэдээлэл өгөөгүй аж. Ку-Альфа тавцан нь Ку Малоб Заап хэмээх томоохон цогцолборын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд энэ нь хоногт 640 мянган баррель газрын тос олборлодог Мексикийн томоохон орд газруудын нэг юм. Энэ орд газрын нөөцийг 4,9 тэрбум баррель хэмээн үнэлдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин