COVID-19: Вьетнамд хатуу хөл хорио тогтоож, цэргийнхэн эргүүлд гарч байна
2021-08-23

Вьетнамын Хошимин хотод наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоож байна. Энэ талаар 14 хоногийн өмнө зарласан бөгөөд оршин суугчдыг хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэл нөөцлөн авах хугацаа өгч ийнхүү хэдэн өдрийн өмнө сануулжээ. 

 

Хөл хорио тогтоохоос өмнө супермаркетуудаар худалдан авагч олширсон, өглөөний 06.00 цаг гэхэд л хүмүүс дэлгүүрийн гадаа дугаарлан зогссон байжээ. Хошимин хотыг ногоон, шар, улаан бүс болгон хуваасан бөгөөд ногоон бүс буюу халдвар багатай бүсийн оршин суугчид долоо хоногт нэг удаа дэлгүүр орох боломжтой гэнэ. Харин улаан бүсийн оршин суугчид хатуу хөл хорионд байх аж. Сүүлийн 14 хоногийн хугацаанд оршин суугчид гагцхүү өөрт оногдсон тасалбараар дэлгүүр орох боломжтой болсон бөгөөд энэ тасалбар дээр хэдэн удаа, хэдэн цагт дэлгүүр орж болохыг заажээ.

Албан ёсны мэдээллээр, наймдугаар сарын 20-ны өдөр Вьетнамд хоногт 10600 тохиолдол шинээр илэрсэн байна. Энэ нь коронавирусийн цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Хошимин хотод гэхэд л өдөрт 4200-4300 тохиолдол шинээр илэрч байгаа аж.

 

Улмаар энэ улсад гурав дахь долоо хоногтоо хөл хорих цаг үйлчилж байна. Иргэд 06:00-18:00 цагийн хооронд л гадуур зорчих боломжтой. Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дүүрэг, хот хооронд зорчихыг хориглосон бөгөөд PCR шинжилгээ өгөх, эмнэлэгт үзүүлэх бол зорчихыг зөвшөөрөх аж.

Хошимин хотод хуягт машинууд явж, цэргийнхэн эргүүлд гарж байгаа бөгөөд есдүгээр сарын 15 гэхэд нөхцөл байдлыг тогтворжуулахаар эрх баригчид төлөвлөж байгаа гэнэ. Одоогоор есдүгээр сарын зургааныг хүртэл хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа талаар АиФ мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин