АН бус ХҮН бусадтай эвсвэл нэр цэвэр
2021-08-23

 

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байна.  Энэ удаагийн нөхөн сонгуульд Үнэн ба Зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ардчилсан нам, Монгол Ардын нам, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Гэр Хороолол Хөгжлийн нам, Дэлхийн Монголчууд нам, Ард Түмний Олонхийн Засаглал нам, Иргэний Зориг Ногоон нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг 9 нам, нэг эвслийг СЕХ бүртгэн, оролцуулахаар батламжилсан. Харин энэ долоо хоногт намууд нэр дэвшигчээ тодруулж эхэлнэ. Хуулиараа сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгах заалттай. Энэ дагуу наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд явуулах юм. Нөхөн сонгуульд намууд хэрхэн оролцох вэ?

 

Нэр дэвшигчид МАН–д хэний бүлэглэл хүчтэйг илтгэнэ

 

УИХ-ын нөхөн сонгуульд эрх баригч хүчин МАН дангаараа оролцох нь тодорхой. Нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд нь өгөөд эхэлсэн. Тухайлбал, өмгөөлөгч Л.Батжав Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа хүргүүлсэнээ мэдэгдсэн. Эрх баригч хүчнээс Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр горилогчид цөөнгүй бий. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэхийг МАН-ын Удирдах зөвлөл шийдэж, бага хурлаараа батламжилна. Хайрцаглагдсан бодлоготой МАН нэр дэвшигчээ хугацаанаас нь өмнө зарлаад байдаггүй. Өмгөөлөгч Л.Батжавын тухайд горилогч төдий гэж  ажиглагчид үзэж байгаа. Одоогоор нэр нь тодроогүй нөхөн сонгуульд нэр дэвшигч МАН-д хэний бүлэглэл хүчтэй байгааг илтгэнэ. Учир нь саяхан Засгийн газрын 200 хоногтой зэрэгцээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал дахин сөхөгдөж, фракц бүлэглэлүүд нь намын даргаа үл хүлээн зөвшөөрсөн  мессэжийг АН-аар “уламжлан” олон нийтэд хүргэсэн.  

 

Хоёр сонгуулийн жил эвлэрээгүй АН хоёр тойргийн төлөө нэгдэх үү  

 

М.Тулгат даргатай АН-ын тухайд УИХ дахь бүлгийн намтайгаа эвлэлдэх, цаашлаад бусад улс төрийн хүчнүүдийг нэгдэж сонгуульд оролцохыг уриалж байгаа. Харин О.Цогтгэрэл даргатай УИХ дахь АН-ын бүлэг нааштай хариу мэдэгдээгүй байгаа нь гэдийсээр байгаагийн илрэл. Сөрөг хүчин АН нөхөн сонгуульд бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэнэ гэхээсээ өөрсдөө учраа олж эвлэлдсэнээ нийгэмд таниулвал рейтэнгээ нэг шат ахиулна. Учир нь дахин тархай бутархай энэ байдлаараа нөхөн сонгуульд оролцвол ирэх жилүүдэд АН-ыг олон нийт эс хүлээн зөвшөөрнө.  Хэрвээ дотроо ойлголцвол хоёр тойргоо хуваан авч, тус тусдаа нэр дэвшүүлээд явах байх. Хоёр сонгуулийн жил эвлэлдэж чадаагүй АН-ыг нөхөн сонгуулиар нэгдэнэ гэх итгэл хомс ч эрх ашгаа аль аль нь бодолцох биз гэж найдъя.

 

Нөхөн сонгуулиар гурав дахь хүчин "бүл нэмэх үү"

 

Өнөөдрийн байдлаар парламентад Зөв хүн-Электорат эвсэл гурав дахь хүчнийг төлөөлж байгаа. ХҮН аль нэг сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа санхүүгийн нөхцөл хүнд гэдгээ байнга илэрхийлж, АН, МАН хоёр шиг баян биш гэсэн мессэжийг нийгэмд хүргэдэг. Гэхдээ баян хүнд дургүй масс ч бэл хардгийг өнгөрөгч сонгуулийн үр дүн харуулсаар ирсэн. Тиймээс нэгэнтээ нөхөн сонгуульд оролцох батламжаа авсан ХҮН нэр дэвшигчээ тодруулахгүй бол АН эсвэл МАН-ыг дэмжиж оролцох магадлалтай. Гэхдээ МАН-ыг дэмжвэл эрх баригчдын гар хөл гэсэн шүүмжлэл хүртэж, олны дургүйцлийг хүргэх бол АН-ыг дэмжсэн тохиолдолд рейтэнг нь өсөөд байхгүй улс төрийн хайчилбар дээр байгаа. Тиймээс АН бус Зөв хүн-Электорат эвсэл гурав дахь хүчнийг төлөөлж, бусад улс төрийн хүчинтэй эвсэн оролцвол нэр цэвэр юм. Нэр дэвшигчдийн тухайд бусадтай нэгдэх эсэхээс шалтгаалж тодруулах биз. Харин Нөхөн сонгуульд оролцохоор батламжаа авсан бусад улс төрийн хүчний үйл ажиллагаа, бодлого чиглэл бүү хэл нэрийг нь ч сонсоогүй байх, сонгогчид.  

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХҮН нам элбэгдоржийн нам.
2021-08-23
зочин:
Халтар Доржхандын нам нэр цэвэр гэвүү ёстой хуцна биз
2021-08-23