Афганистан: Талибан төрөө эмхэлж, афганчууд дүрвэсээр байна
2021-08-24

АНУ-ын цэргүүд тавдугаар сараас эхлэн гарснаас хойш нутаг дэвсгэрүүдийг хяналтдаа авахын тулд Засгийн газрын цэргүүдтэй тулалдаж, богино хугацаанд Афганистаныг хяналтдаа оруулсан талибууд улс орныг тохинуулах ажлаа эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Тодруулбал, Афганистаныг удирдах зөвлөлийг Талибан хөдөлгөөн байгуулахаар зэхэж байгаа бөгөөд 12 хүний бүрэлдэхүүнтэй энэ зөвлөлд өмнөх засгийн газрын зарим гишүүдийг ч багтаах хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Талибан хөдөлгөөний удирдлагуудтай ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Foreign Policy дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зөвлөл дэх хамгийн нөлөө бүхий гурван хүн нь "Талибан" -ы улс төрийн жигүүрийн тэргүүн Абдул Гани Барадар,  "Талибан" хөдөлгөөний үүсгэн байгуулагч мулла Омарын хүү, "Талибан"-ы цэргийн комиссын тэргүүн Моулави Якуб, түүнчлэн "Хаккани сүлжээ" бүлэглэлийн хээрийн командлагч, толгойлогч Сиражуддин Хаккани  нар байх гэнэ.

 

Талибууд Афганистанд Ерөнхийлөгч эсвэл дангаар захирах удирдагчийн албан тушаалыг сэргээхийг хүсэхгүй байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын дэмжлэгтэй өмнөх засгийн газрын зарим гишүүдэд шинэ танхимд сайдын суудал санал болгохоор зэхэж байгаа гэнэ. Ингэснээр олон улсын зүгээс хүлээн зөвшөөрүүлэх боломжоо нэмэгдүүлэхийг хичээж байгаа аж.

 

Түүнчлэн Панжшерийн арслан хочит, алдарт хээрийн командлагч Ахмад Шах Масудын хүү Ахмад Масудыг удирдах зөвлөлд багтаах хүсэлтэй байгаа талаар талибуудын удирдагчдад ойр эх сурвалж мэдээлсэн байна. Ахмад Масуд одоо талибуудын мэдэлд ороогүй цорын ганц муж болох Панжшерт эсэргүүцлийн хүчнийг эмхлэн байгуулж, удирдаж байгаа юм.

 

Талибууд афганчуудыг "явуулна, явуулахгүй"

Олон улсад алан хядах байгууллага гэж тооцогддог "Талибан" хөдөлгөөн Афганистаныг хяналтдаа оруулснаас хойш эх орноо орхин гарах гэсэн олон мянган иргэн нисэх буудал дээр үймээн үүсгэсээр байгаа юм. Хил хаалттай өнөөгийн нөхцөлд арилжааны нислэг байхгүй, гагцхүү АНУ-ын зохион байгуулж буй нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нислэгээр л эх орноосоо гарах боломжтой тул афганчууд ийм онгоцонд багтах гэж нисэх буудлын хашаанд олон мянгаараа цуглан, шахцалдан, олны хөлд дарагдсанаар 10 гаруй хүн амиа алдаад байна. 

 

Талибууд нүүлгэн шилжүүлэлтийн хугацааг наймдугаар сарын 31-нээр дуусгавар болгон тооцож, үүнээс хойш улсаасаа дүрвэгч гаргахгүй гэж мэдэгдэж байв. Харин өчигдөр буюу наймдугаар сарын 23-нд мэдэгдэл хийхдээ, шаардлагатай баримт бичигтэй л бол наймдугаар сарын 31-ний өдрөөс ч хойш афганчууд эх орноосоо явж болно гэж онцолжээ. 

 

"Бид тэдэнд саад болохгүй. тэд паспорттой л бол арилжааны нислэгээр Афганистаныг орхиж болно. Тэднийг эх орондоо үлдээсэй гэж бид хүсэж байгаа ч өөрсдөө явмаар байгаа бол явж болно" хэмээн Талибан хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

 

Энэ зуур АНУ хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Кабулаас 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд наймдугаар сарын 14-ний өдрөөс хойш нийтдээ 37 мянган хүнийг Кабулаас тээвэрлэсэн гэж АНУ-ын армийн хошууч генерал Хэнк Тейлор мэдэгджээ. 

Тейлорын өгүүлснээр, өнгөрсөн хоногт нүүлгэн шилжүүлсэн 16 мянган хүний 11 мянгыг Америкийн цэргүүд, үлдсэнийг тусгай үүргийн болон арилжааны нислэгүүдээр тээвэрлэжээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр Америкийн 5800 цэргийн алба хаагч ажиллаж байгаа аж. Түүнчлэн АНУ руу нэвтрэх иргэдийг сайтар, нарийвчлан судлахын тулд нисэх буудал дээр хууль сахиулах байгууллага болон тагнуулынхан ажиллаж байгаа гэнэ. 

 

Нисэх буудал дээр үүссэн үймээний улмаас 500 тонн эм, бэлдмэл хилийн цаана гацжээ

 

Эх орноо орхих гэсэн афганчууд нисэх буудлын талбай дээр хэт их бөөгнөрөл, үймээн үүсгэж байгаагийн улмаас шаардлагатай ачаа тээвэрлэж яваа онгоцууд газардаж чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, мэс заслын төхөөрөмж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг эмчлэх багц эм бэлдмэл зэрэг 500 тонн эмнэлгийн ачаа Афганистаны хилийн цаан гацсан талаар ДЭМБ мэдээлсэн байна.

 

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Афганистаны хүн амын тал хувь нь буюу  18,5 сая хүнд тусламж хэрэгтэй байгаа ч Кабулын нисэх буудал дээр арилжааны нислэг хүлээн авахгүй байгаа нь хүмүүнлэгийн тусламж хүргэхэд ихээхэн бэрхшээл учруулж байгаа гэнэ. 

 

ДЭМБ хүмүүнлэгийн ачааг тээвэрлэхийг улс орнуудад уриалсан бөгөөл АНУ нүүлгэн шилжүүлэхэд туслах зорилгоор арилжааны нислэг үйлддэг зургаан компанийг татан оролцуулсан ч аюулгүй байдлын асуудлуудаас үүдэн нүүлгэн шилжүүлэх онгоцонд ачаа тээвэрлэх боломжгүй гэж АНУ мэдэгджээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Талибанууд зорилготойгоор хүмүүсээ дэлхийгээр тараан байшуулж бн,
2021-08-25
Иргэн:
Энэ Талибанууд манайхаас дээр засгийн газар бгуулна, яагаад гэвэл тэнд Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Занданшатар бхгүй.
2021-08-25
afganistanii olon undestenguud aluulahaa huleej angaij hevteheer Ahmad shah Masudiin evseld orood öörsödiinhöö ireeduin tölöö tulaldah l heregtei...
2021-08-25