Reuters: Монголын нүүрс нийлүүлэлт зогсоно гэсэн мэдээллээс үүдэн нүүрсний үнэ өсчээ
2021-08-24

Даваа гарагт Хятадад кокс болон коксжих нүүрсний үнэ 8 хувиар өсөж, зах зээл дээрх энэхүү түүхий эдийн хомсдол үүснэ гэсэн болгоомжлолоос үүдсэн үнийн өсөлт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн талаар Ройтерс мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сард нийлүүлэгдэх кокс, коксжих нүүрсний гэрээний үнэ Далянь бирж дээр тус бүр 2421 юань болон 3053,50 юаньд хүрсэн байна. Коронавирусийн халдвараас үүдэн Монголоос ирэх нүүрс тээвэрлэлтийг 14 хоногийн хугацаатай зогсооно гэх мэдээллээс үүдэн ийнхүү үнэ өсчээ.

 

Тодруулбал, Монголын талаас нүүрс тээвэрлэх жолоочдоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Ганц модны боомтоор нүүрс татаж авахгүй гэсэн мэдээлэл Хятадын хэвлэлүүдээр гарсан юм. Харин Өвөр Монголын Гаалийн албаны төлөөлөгч "импорт хэвийн явагдаж байгаа, Монголоос нүүрс нийлүүлэлтийг зогсоосон тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй" хэмээн Ройтерс агентлагт мэдээлжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин