Өвөрхангай аймгийн Уянга сумын багш нар Хөдөлмөр зуслангийн байшин барьжээ
2021-08-24

Өвөрхангай аймгийн Уянга сумын 1-р сургууль 65 багш ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон санаачлага гарган дэргэдээ хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь 5 гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүллээ. Битүүт дэх зусланг 2 эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьсан байна. 18*8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах 4 байшинтай.

 

Хөл хорионы үеийн сурагчдын хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д сурагчдаа бэлтгэх зорилгоор хөдөлмөр амралтын зусландаа зуны улиралд хичээллэсэн байна. Сумын төвд түргэвчилсэн шинжилгээ өгсөн сурагчид зусландаа тодорхой хугацаагаар вакум сургалтад хамрагдаж байжээ. Ингэж сургалт зохион байгуулахдаа хотын төвөөс чадварлаг багш нарыг ч урьсан байна.

 

Мөн сурагчид зусланд амрахдаа үнээ туших, ивэлгэх, саах, үхрийн зэл цэвэрлэх, сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ааруул тавих, малын зүс таньж нүдлэх чадваруудыг малчны хотонд эздээс нь суралцжээ. Алтан гагнуур, гишүүнэ, чонын хэл, сөдийн толгой зэрэг эмийн ургамлыг ялган таньж, анагаах ач тусыг судлуулсан байна.

Эх сурвалж: БШУЯ

Shuud.mn
Сонин хачин