COVID-19-ийн үүслийг АНУ-ын лабораториос хайхыг Хятад уриалжээ
2021-08-26

2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод анхлан дэгдэж, улмаар дэлхий дахиныг хамарсан коронавирусийн үүслийг олохоор дэлхий дахин хичээж, АНУ энэ вирус алдагдсанд Хятадыг буруутган, вирус судлалын лабораториасаа алдсан хэмээх таамаглал ихээхэн газар авч байлаа. 

 

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ хувилбарыг шалгах үүргийг тагнуулынхандаа өгсөн ч тэд төдийлөн үр дүнд хүрээгүй, вирус чухам хаанаас үүссэн талаарх тодорхой дүгнэлтэд хүрч чадаагүй юм. Ийнхүү АНУ Хятадыг буруутгах тоолонд БНХАУ эрс няцаадгийн дээр, АНУ ч анхдагч эх үүсвэр байсан байж болзошгүй гэх мэдэгдлийг хийдэг. Энэ удаад ч тэд вирусийн үүслийг олохын тулд Америкийг шалгах ёстой гэж үзжээ. 

 

Тодруулбал, АНУ-ын хоёр биолабораторийг шалгах хүсэлтийг БНХАУ гаргасан гэнэ. Холбогдох хүсэлтийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Адханом Гебрейесусд дипломат сувгаар илгээсэн байна. Энэ хүсэлтэд Хятадын 25 сая гаруй иргэн гарын үсэг зурсан хамтын өргөх бичгийг хавсаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

НҮБ дэх БНХАУ-ын байнгын төлөөлөгч Чэнь Сюй мэдэгдэл хийхдээ Уханийн вирус судлалын хүрээлэнгээс SARS-CoV-2 коронавирус алдагдана гэдэг нь магадлал багатай хэмээн онцолсон байна. Вирус лабораториас алдагдсан гэх таамаглал байх ёстой гэж үзэж байгаа бол зөвхөн Хятадад байгаа лабораториудыг биш өөр лабораторийг ч шалгах ёстой гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

Тухайлбал, халдварт өвчин зэрэг био анагаах ухааны судалгаа хийдэг, Форт-Детрик дэх АНУ-ын Хуурай замын цэргийн Эрдэм шинжилгээ, судалгааны төвийг ч шалгаж болно гэж Хятадын төрийн хэвлэл болох Глобал Таймс бичсэн байна. Энэ лаборатори Хойд Каролинагийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажилладаг бөгөөд тэдний хамтарсан судалгааны үр дүнгээс харахад 2003 он гэхэд л эдгээр эрдэм шинжилгээний төвүүд хурц амьсгалын замын эмгэг үүсгэдэг коронавирусүүдийг нийлэгжүүлэх, өөрчлөхөд зориулсан дэвшилтэт технологитой байсан хэмээн Глобал таймс онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин