Талибууд барууны орнуудыг хүн чанаргүй хэмээн буруутгав
2021-08-26

"Талибан" хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид Барууны орнууд боловсролтой афганчуудыг нүүлгэн шилжүүлж байгаа нь "хүн чанаргүй хэрэг" хэмээжээ. Тэрбээр "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа Афганистанаас нутгийн нарийн мэргэшлийн мэргэжилтнүүдийг нүүлгэж байгаа хэмээн онцолсон байна. 

 

"Тэд манай орны хэрэгт оролцож, эмч, багш, бусад хэрэгтэй хүмүүс гээд хүний нөөцийг авах ёсгүй. Америкт очоод тэд сав суулга угааж, эсвэл тогооч л болно шүү дээ. Энэ бол хүн чанаргүй хэрэг" хэмээн Мужахид онцолжээ. 

Түүнчлэн тэрбээр өмнө нь АНУ-тай хамтарч ажиллаж байсан орчуулагчид болон бусад хүмүүсийг мөрдөж хавчихгүй, мэргэжилтэй хүмүүс эх орондоо үлдэхэд ямар ч аюулгүй хэмээн өгүүлсэн байна. 

 

Энд дуулгахад, Кабулын нисэх буудал руу афганчуудыг талибууд оруулахгүй, гагцхүү гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа талаарх мэдээлэл гарсан. Нутгийн иргэдийг нисэх буудлын өмнө үймээн үүсгэж байна гэж үзэн тэднийг дотогш нэвтрүүлэхийг хориглосон бөгөөд гадаадын иргэншилтэй афганчуудыг ч зөвшөөрөл ирэх хүртэл нисэх буудал руу оруулахгүй байхаар болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин