COVID-19: Хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалд олон мянган хүн оролцжээ
2021-08-30

Францад өнгөрсөн бямба гарагт коронавирусийн халдвартай тэмцэх засгийн газрын арга хэмжээг эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан байна. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, жагсаалд 160 мянга гаруй хүн оролцсон байна. Энэ улсад олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал долоо дахь бямба гарагтаа болсон нь энэ юм. 

 

DW агентлагийн мэдээлснээр, Парис болон бусад хотуудад болсон жагсаалын үеэр иргэд кинотеатр, музей болон олон нийтийн арга хэмжээнд оролцоход шаардлагатай "эрүүл мэндийн паспорт"-ыг эсэргүүцэн, бухимдлаа илэрхийлсэн байна. Тэд "Эрх чөлөө!", "Эсэргүүцэж байна!" хэмээн хашгиралдаж байжээ. Энэ үеэр үймээн гарсны улмаас гурван цагдаа хөнгөн гэмтэж, жагсаалд оролцсон 16 хүн баривчлагджээ.

 

Францчуудын эсэргүүцэж буй "эрүүл мэндийн паспорт"-ыг ашиглах журам  наймдугаар сарын есний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Иргэд үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэх, аялах, дотоодын нислэгээр зорчихдоо коронавирусийн вакцинд хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрсэн, эсвэл коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай тодорхойлолт үзүүлэх шаардлагатай болж байгаа юм. Зарим хотуудад томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэхэд ч энэ төрлийн баримт бичиг шаардахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Францад 10 дугаар сарын дунд үеэс эхлэн коронавирусийн шинжилгээг төлбөртэй авахаар болсон бөгөөд ингэснээр вакцин эсэргүүцэгчдэд үзүүлэх шахалтаа эрх баригчид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин