Хятад улс коронавирусийн үүслийн талаарх шинэ таамаглал дэвшүүлэв
2021-08-31

Дэлхий дахинд тархаж, цар тахлын хэмжээнд хүрээд хэдийнэ жил гаруйн хугацааг үдсэн коронавирусийн үүслийн талаарх мэдээлэл одоо хэр нь тодорхойгүй байгаа. Коронавирусийн үүсэлтэй холбоотой олон таамаглал энэ хугацаанд гарсан ч аль аль нь бүрэн батлагдаагүй юм. АНУ энэ вирусийн тархалтад Хятадыг буруутгадаг бол Хятад улс тухай бүрт нь няцааж, өөр таамаглал дэвшүүлдэг. Тэр дундаа хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин коронавирус Хятадын нутаг дэвсгэрт орж ирсэн гэх хувилбарыг өнгөрсөн жил хэдэнтээ дэвшүүлж байв. Энэ удаад ч дахин энэ таамаглалаа зарлажээ. 

 

Тодруулбал, коронавирус хөлдөөсөн бүтээгдэхүүний баглаан дээр тогтон, Ухань хотод зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинжээчид гаргасан талаар Глобал Таймс сонин мэдээлжээ. 

 

"Хятад улс 2020 оны дөрөвдүгээр сард эрт үеийн дэгдэлтийг тогтоон барьсны дараа Бээжин болон Далянь хотуудад зун халдварын дэгдэлтүүд ажиглагдаж байсан. Ингээд бид тархварын судалгаа хийхэд вирус хөргүүрт тээврээр дамжин бусад улс орон, бүс нутгаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон юм" хэмээн Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн төлөөлөгч Ма Хуэйлай мэдэгджээ. 

 

Түүнчлэн энэ байгууллагын төлөөлөгчид хөлдөөсөн бүтээгдэхүүнээр дамжин коронавирус зөөвөрлөгдөх боломжтойг харгалзан энэ тал дээр хяналт тавихад олон улс хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх ёстой хэмээн үзэж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын дэргэдэх Хятадын байнгын төлөөлөгч Чэнь Сюй коронавирусийн үүслийг тогтоохын тулд Америкийн биолабораториудыг шалгах хүсэлтийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад гаргасан юм. Тэрбээр Уханийн хүрээлэнгээс  вирус алдагдсан гэх таамаглал магадлал багатай гээд, вирусийг зохиомлоор гарган авсан гэж үзэж байгаа бол Америкийн лабораториудыг ч шалгах ёстой хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин