Үл мэдэгдэх вирусийн улмаас хоногт 12 хүүхэд нас баржээ

Энэтхэгт үл мэдэгдэх вирусийн гаралтай халдварын улмаас нас барсан хүний тоо 68 болсны 40 нь хүүхэд байгаа гэнэ. Ердөө ганцхан өдрийн хугацаанд энэ вирусийн улмаас 12 хүүхэд нас барсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вирусийн улмаас нас барсан хүний тоог багцаагаар гаргасан бөгөөд гагцхүү улсын эмнэлгүүдэд нас барсан хүмүүсийг бүртгэж байгаа, эмнэлгийн тусламж авалгүй нас барсан хүмүүс байх магадлалтай гэнэ.
Өвчлөлийн үндсэн голомт нь Энэтхэгийн хойд хэсэг дэх Уттар-Прадеш муж болсон байна. Энэ мужид хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа аж. Энэ мужид үргэлжилсэн аадар бороо орж, агаарын хэм хэт өндөр байгаа нь халдварт өвчин тархах таатай нөхцлийг бүрдүүлсэн гэж мужийн эрх баригчид мэдээлжээ.
Зарим эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа тул коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилдэг хэсгүүдэд ч шинээр өвчтөн авахаас аргагүй болжээ. Үл мэдэгдэх халдвар гарах болсон нь эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм сахиагүйтэй холбоотой байж мэднэ гэж таамаглаж байгаа бөгөөд намагтай газруудад үрждэг шумуулууд вирусийг зөөвөрлөгчид гэж эмч нар үзжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ